Уул уурхайСурвалжлагаОнцлохЭрүүл мэндФото сурвалжлага

“Багануур” ХК уурхайчдынхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг тэргүүнд тавьдаг

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос санаачлан эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубын гишүүн сэтгүүлчид Монгол улсын эрчим хүчний нүүрсний 60 гаруй хувийг дангаар хангадаг Багануур ХК-ний үйл ажиллагаатай /2023.07.01/танилцлаа. Монгол Улсад уул уурхай, түүнийг дагасан хүнд үйлдвэрүүд хөгжихийн хэрээр иргэд олноороо тэнд ажиллаж, амьдрах болсон. Энэ хэрээр уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт заавар, мэргэжлээс шалтгаалах өвчлөл зэрэг олон асуудал яригддаг. Иймд эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийнхээ хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн төлөөх эрхэм зорилгынхоо хүрээнд энэ удаагийн ээлжит уулзалт, танилцах аялалыг зохион байгуулсан юм.

Амралтын өдрөөр зорин очсон сэтгүүлчдийг Багануур ХК-ний Гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, Хүний хөгжил, судалгаа эрхэлсэн дэд захирал Д.Даваадаш, ХАБЭА-н Хэлтсийн дарга Ч.Ариунбаатар, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Д.Жавхлан, Үйлдвэрийн эмч Д.Түвшинбаярмаа, Хэвлэл мэдээллийн ажилтан С.Одончимэг нар хүлээн авч, компанийн үйл ажиллагаа болон уурхайчдынхаа эрүүл мэндийн талаар танилцуулга мэдээлэл хийж, дараа нь бидний сонирсон асуултад хариулт өгөв.

Багануур ХК-ний Гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал хэлэхдээ “1978 онд байгуулагдсан “Багануур” ХК-ний хувьд уул уурхайн мэдлэг чадвар, дадлага туршлага хуримтлуулсан 288 төрлийн ажил мэргэжлийн 1123 ажилтантайгаар олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Бид Монгол Улсын эрчим хүчний станцуудын 60 хувийг түлшээр хангадаг. Тодруулбал, бид ДЦС 4-ийн 50-60 хувь, Дархан болон Эрдэнэтийг 10-30 хувь, Амгалан ЦС-ыг 25 хувь, ТЭЦ II, III, Багануур, Налайх, Хөтөл, Хэнтий, Сэлэнгэ, Шинэ нисэх онгоцны буудлыг 100 хувь хангаж байна.

2 / 12

Нийт 1200 орчим ажилтантай, мянга орчим эрэгтэйчүүд. Манай компанид бүтэн нэг үе солигдож байна. Анх манай уурхайг байгуулахад ирж байсан 17-18 насны залуус өнөөдөр бүгд гавьяаныхаа амралтад гарч,  дараагийн залуу үе орсэн. Нийт ажилчдын 63 хувь нь 45 хүрэлт насны залуучууд, тэр дундаа 30 хүрээгүй 330 залуус байна. Ажилтан албан хаагчид залуужихын хэрээр нийгмийн асуудлууд давхар гарч ирэх болсон. Социализмын үед уурхайчдыг үнэгүй сургаад, үнэгүй байраар хангадаг байлаа. Харин одоо зах зээлийн зарчмаар буюу залуус төлбөрөө өөрөө төлж сургууль соёлоо төгсөөд,  байр орон сууцаа банкны лизингээр аваад явж байна. Эдгээр асуудлаас үүдэн зөвхөн 2022 онд манай 33 залуу өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Тэд Солонгос, Австрали, Европ руу явж, эсвэл ижил төстэй уурхайнууд руу ажилд орохыг сонгож байна. Манай уурхайгаас очиж байгаа хүн ажлын туршлагатай, ХАБ-ын өндөр соёлтой, сахилга баттай хүмүүс учраас шууд л авдаг.

“Багануур” ХК нь улсын төсөвт жил бүр 30-33 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, ТОП 100 аж ахуйн нэгжид байр сууриа хадгалсаар ирсэн. Мөн нийгмийн хариуцлагын стратеги боловсруулан хэрэгжүүлсэн нь уул уурхайн компаниудын анхдагч болж, 2023 оны 2 дугаар улирлын байдлаар  нийт 14,5 сая м3 уулын цулын ажил хийж, 8.8 сая м3 хөрс хуулж, 2,3 сая тонн нүүрс олборлон борлуулж үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-107 хувиар биелүүлэн ажиллаж байна. Гэвч манай компани нүүрсээ олборлосон өртөгөөсөө доогуур борлуулдаг нь нэг том хүндрэлтэй асуудал хэвээр байна. Бид нэг тонн нүүрсийг 48800 төгрөгөөр олборлодог ч 43300 төгрөг буюу 5500 төгрөгийн алдагдалтай борлуулдаг. Багануурынхтай яг адилхан стандарттай нүүрс бол дэлхийн зах зээл дээр 58 доллароор борлуулагдаж байхад манайх бол 12,5 доллароор борлуулж байгаа гэсэн үг. Энэ утгаараа манай Багануурын уурхай ашиггүй, алдагдалтай ажиллаж байна. Төрийн өмнөөс алдагдлыг өөрөө хүлээж байгаа ч бид нийгэмдээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг. Зөвхөн 2020, 2022 онд гэхэд 683,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг нийгэмдээ өгсөн. Хамгийн бахархууштай нь Монгол Улсад шинэ хүн төрөхөд Багануур ХК-ийн уурхайчдын хүч хөдөлмөр орж байгаа. Тэдний бэлтгэсэн түлшийг эрчим хүчний салбарынхны ашиглаж, тог цахилгааны ямар нэгэн асуудал үүсэхгүй болсон. Улаанбаатарынхан дэлхийн хамгийн муу хотод байгаа юм шиг ярьдаг. Мэдээж хотын түгжрэл бухимдал үүсгэдэг ч гэртээ ирэхэд тог цахилгаан нь байж л байдаг. Орон сууцны айлуудыг халаалт, халуун ус нь бэлэн угтдаг. Эмнэлгүүд тог ирэхээр хагалгаа хийнэ гэсэн хуваарь гаргахгүй, цахилгаан тасрах асуудал үүсэхээргүй болсон. Тиймээс нийгмийн хэрэгцээ шаардлага, ачааллыг Багануур ХК, эрчим хүчний салбарынхан нуруун дээрээ үүрч яваа гэж болно.

Манай компанийн бас нэг амжилт гэвэл сүүлийн 5 жилийн судалгаагаар 9 сая 253 мянган хүн цагийг үйлдвэрийн осолгүй ажилласан, нэгдүгээрт “Хөдөлмөрийн аюулгүй байдал /ХАБ/ гэсэн дүрэм үйлчилдэг. Бид санхүүгийн хувьд алдагдалтай өртгөөсөө доогуур нүүрсээ борлуулдаг ч гэсэн уурхайчдынхаа эрүүл мэндийг илүү анхаарч хичээдэг. ДЭМБ-ын Ази Номхон Далайн бүсийн захирал нь манай компанийг сайн жишээгээр онцолж ирж танилцаж байсан. Манай ажилчид олон жил Цусны төвтэй хамтраад донорын цус хандивлах ажлыг тогтмол энийг зохион байгуулж ирлээ.

Бид уурхайчдынхаа төлөө үндсэн 4 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүнд:

  • Эрүүл уурхайчин
  • Зөв хандлагатай уурхайчин
  • Эдийн засгийн чадавхтай уурхайчин  
  • Боловсролтой уурхайчин  гэсэн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Эрүүл уурхайчин хөтөлбөрийнхөө хүрээнд уурхайчдынхаа эрүүл мэндийг анхаарч, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд уурхайчдынхаа маань найдвартай ар тал болсон гэр бүлд нь зориулан өглөөний цайны ач холбогдол, хүнд хоолноос хэрхэн татгалзах, архи согтууруулах ундааг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар мэдлэг олгосон. Ялангуяа уурхайчдын хувьд бол хамгийн чухал зүйл бол нойр байдаг. Иймд хэрхэн ая тухтай бүтэн нойртой унтаж амрах боломжийг олгох вэ гэх зэргээр “Гэр бүлийн өдөрлөг”-ийг хавар, намар зохион байгуулдаг.

1200 гаруй уурхайчнаас мянга гаруй нь эрчүүд буюуу 768 нь өрхийн тэргүүн тул тэдний сэтгэл зүйн тогтвортой байдал болон эрүүл мэнд маш чухал.Тиймээс “Уурхайчин” спорт цогцолборт нийт уурхайчдын 60 гаруй хувь нь хамрагдаж сагс, волейбол, фитнесс, powerlifting, шагайн харваа, ширээний теннисээс гадна модон бөмбөг зэрэг шинэ спортын төрлүүдээр хичээлллэж байна. Уул уурхайн салбар бол хүнд үйлдвэрлэл тул эмч нар маань 24 цагаар уурхайчдынхаа эрүүл мэндийн үзүүлэлтийг хянаж, урьдчилан сэргийлэх үзлэг хийж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх баг бэлэн байдаг. Уурхайчдын амралтаар нь “Багануур” сувилалд амрахыг санал болгож, хэрвээ хүсвэл өөрийнх нь хүссэн сувилалд амруулдаг. Өнгөрсөн жил урьдчилсан сэргийлэх үзлэгт нэг уурхайчинд 90 мянган төгрөг зарцуулж байсан бол энэ жил 250 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Энэ онд тохиож буй 45 жилийнхээ ойн хүрээнд маш олон ажил хийж байна. Тухайлбал, ирэх VIII сарын 24, 25-нд “Нүүрсний ирээдүй” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал хийнэ. Дэлхий улс орнууд нүүрсний хэрэглээгээ зогсоосон талаар мэдээлж байгаа ч Орос, Украйны дайн зэргээс үүдэн улс төрийн тогтворгүй байдал бий болж байна. Үүнээс болж Англи улс 30 жилийн өмнө хаасан нүүрсний уурхайгаас сэргээж байна. Герман улс 30 гаруй жилийн өмнө хаачихсан байсан хоёр ч нүүрсний цахилгаан станцаа сэргээлээ. Польш Чех улсууд бүгд нүүрсний станцуудаа сэргээсэн. Тэгэхээр Багануурын уурхайн нүүрсээ эрчим хүчний салбарт өгөөд түлээд байх юм уу, ер нь нүүрсний ирээдүй яах юм гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Түүнчлэн компанийнхаа 200 гаруй инженерүүдийнхээ дунд шилдэг төслийн уралдаан зарлаж, шалгарсан төслийг нь 2024 оныхоо үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ. Мөн бид компанийнхаа дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчилж гаргахаар ажиллаж байна. Дараагийн 5-15 жилдээ Багануур ХК ямар болохыг тодорхойлох юм. Тиймээс ирээдүйн ажилтнаа бэлтгэхийн тулд ирэх IX дүгээр МСҮТ болон Политехникийн коллежид гагнуурчин, токерчин, механик, засвар зэрэг нарийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудын дунд ур чадварын уралдааныг зохион байгуулна.  Одоо ажиллаж байгаа уурхайчдаа мэргэжил боловсролоо ахиулахад нь дэмжиж туслах, манай уурхайчдын хүүхдүүдээс бидэнд хэрэгтэй байгаа мэргэжлээр сурвал тэтгэлэг олгох, тогтвор суурьшилтай ажилласан ажилтнууддааорон сууцын урьдчилгаа олгох зэрэг хөтөлбөр хэрэгжүүлнэ” хэмээн мэдээлэл өгсөн юм.

5 / 10

Компанийн удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсний дараа Багануур ХК-ны ХАБЭАХ-ийн сургалтын инженер Д.Дэнсэлмаа Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгснөөр бидний уурхайтай танилцах аялал эхэлсэн юм. Хамгийн эхэнд бид тус кампанийн мод үржүүлгийн газартай танилцсан. “Багануур” ХК-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж нэг сая мод тарьж ургуулахаар төлөвлөн 2022 оноос мод үржүүлгийн талбай байгуулжээ. Манай компанийн хувьд гаднаас нэг ширхэг ч суулгац аваагүй. Бид ойгоос шинэс модны үд түүж, үрээ хүлэмжинд үрсэлгээнд оруулж, гаднаас нэг ч бэлэн суулгац худалдаж аваагүй гэдгийг онцолж байлаа.

6 / 9

Дараа нь бид аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваад уурхайтай танилцахаар хөдөллөө. Удирдлагын баг биднийг уурхайн өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн өрнөдөг болохыг газар дээр нь очиж танилцуулсан юм.

7 / 17

Мөн “Эрүүл уурхайчин” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл мэнд бидний ходоод дахь дархны газарт урлагддаг” гэсэн уриатайгаар ажиллаж байгаа аж. Ажилтан албан хаагч бүр “Алтан уурхайчин” нэртэй апплекейшнийг ашигладаг бөгөөд энэ нь өдөр бүрийн идсэн хоолныхоо цэсийг оруулж, сарын эцэст хэчнээн ккал-тай хоол идсэн болоод юун дээр анхаарах ёстойг сануулдаг байна. Мөн Лхагва гараг бүр хоолны давсыг 25-40 хувь бууруулан олгож хэвшсэн гэдгийг энэ үеэр хэлж байв.

8 / 17

Дараа нь бид “Уурхайчин” спорт цогцолбортой танилцав. Биднийг очиход Багануур дүүргийн тамирчин хүүхдүүд бэлтгэл сургуулилтаа хийж угтсан юм. Тус дүүргийн болон уурхайчдын хүүхдүүд тус цогцолборт өөрсдийн сонирхсон спортоор хичээллэж, тэмцээн уралдаанд өндөр амжилт гаргадаг гэдгийг энэ үеэр онцолж байллаа. Энэ үеэр сэтгүүлчдийн дунд хоёр төрлийн тэмцээн зохиосноос “Өнөөдөр” сонины сэтгүүлч Бат-Ундрах, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ган-Очир нар алтан медалийн эзэн болж, Багануур уурхайн 45 жилийн ойн анхны медалийг хүртсэн юм.

Дараа нь бид Хэрлэн голын хөвөөн дэх “Багануур сувилал” руу хөдөлж, тус компанийн ажилчид амралт чөлөөт цагаа хэрхэн зөв зохистой өнгөрүүлдэг болохыг үзэж танилцсанаар бидний аялал өндөрлөв.

Ийнхүү бид ойрхон мөртлөө хол санагддаг Багануур дүүргийнхэн ая тухтай, цэвэр цэнгэг агаартай нам гүм орчинд ажиллаж амьдарч байгааг, уул уурхайг дагасан хөгжил, нийгмийн асуудлуудыг цогцоор нь шийдсэнээр ямар том амжилт, үр дүнд хүрч болдогийг ойлгож авсандаа талархал дүүрэн сэтгэлтэйгээр их хотын зүг хөдөлсөн юм.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version