УИХFocus

Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг (2023.06.30) хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар ирэх сарын 06-09-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-гийн айлчлалын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар энэхүү айлчлалд Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг сайтар хангаж байгааг онцлоод манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Айлчлал нь хоёр улс харилцаагаа дүгнэх, цаашдын хөгжлийн арга замаа тодорхойлон нэгтгэх, эрчимжүүлэх боломжийг олгоно гэдгийг Элчин сайд М.П.Сингх тэмдэглээд айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс хоёр орны парламент, түүний Тамгын газруудын хооронд Хамтын ажиллагааны санамж бичгүүдийг байгуулахаар төлөвлөж байгааг дурдав.

Талууд айлчлалын хүрээнд хийгдэх хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, тэр дундаа хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн хурдацтай үргэлжлүүлэх талаар ярилцаж, санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version