Эдийн засагОнцлох

“Монголын хөрөнгийн бирж” ХК-д тусгай зөвшөөрөл олголоо

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан /2023.06.30/ болж хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний нэг нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д олгосон явдал байлаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-аас баталж, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаа юм. 

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулж уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцооны бэлэн байдлыг хангаж, хуульд заасан журмын төслүүдийг хамтран боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Мөн хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, дүрэм, журам боловсруулах зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. 

Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд нүүрсний арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан. Энэ дагуу нүүрсний цахим арилжааг хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй арилжаалж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 54 удаа арилжаа зохион байгуулж, нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр арилжаалсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд зааснаар бирж нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх мөн биржийн арилжааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх бол Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсны дагуу Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Харин өнөөдрийн хуралдаанаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-д уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноор ийнхүү Монгол Улсад анхны уул уурхайн бүтээгдэхүүний бирж бий болж байна. 

Мөн “Монголын хөрөнгийн бирж” ХК-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан 11 харилцааг зохицуулсан нэр бүхий таван журмыг боловсруулсантай холбоотойгоор хуралдаанаар эдгээр журмыг мөрдүүлэх зөвшөөрлийг олгосноос гадна уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйлчилгээний хураамжийг биржээс ирүүлсэн санал, судалгааг харгалзан тогтоолоо.

Үүний зэрэгцээ хуралдаанаар “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа  эрхлэх журам”-ыг шинэчлэн баталсан ба хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгож, нэг компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэлээ.

Мөн банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа болон факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх болон банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрлийг тус бүр нийт гурван компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрэр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор шийдвэрлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version