ЗТХЯFocus

“Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” аян эхэллээ

Жил бүр Цагдаагийн байгууллагаас уламжлан болгон зохион байгуулдаг “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлээс хөдөө, орон нутгийн чиглэлд зорчих 5 чиглэл байршил, мөн 21 аймгийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд холбогдох яам, аймаг, нийслэлийн удирдлагууд,  агентлагийн дарга нар, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, үйл ажиллагааг хамтран зохион байгуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч нар оролцлоо.

Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гаргасан тогтоолоор зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралт, гэмтлийг 50-аас доошгүй хувиар бууруулах үндсэн зорилтыг тавьж, 2021-ээс 2030 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны 10 жил” болгон зарласан билээ.

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол тогтмол орж байгаа бөгөөд 2030 он болон 2060 онд ч энэ хэвээр байна гэдгийг судлаачид урьдчилан тооцоолсон бол манай Улсын хүн амын нас баралтын тавин шалтгааныг нэрлэсний эхний аравт мөн л зам тээврийн осол орсон нь анхаарал татсаар байна.

Иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцох буруу дадал, хандлагыг сайжруулах зорилгоор нөлөөлөл сурталчилгаа, хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал: 2019 оноос эхлэн “Яараад яахав дээ”, “Ирээдүйгээ хамгаалъя”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” зэрэг ухуулга, нөлөөллийн аян, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирснээр тухайн хугацаанд бүртгэгдсэн зам тээврийн ослын тоо -8.1 ээс -50.8 хүртэл хувиар буурсан.

Манай улсад гадаад, дотоодын аялал зугаалга, Үндэсний их баяр наадам, 5 аймаг, 46 сумдын тэгш 100 жилийн ойн баяруудтай  холбоотой орон нутгийн замд хөдөлгөөний эрчим ачаалал нэмэгдэж зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэл учирч болзошгүй байна.

Нөхцөл байдлаас шалтгаалж Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нэг зам-Нэг соёл” аяныг зохион байгуулж байна.

Энэхүү аяны арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо дэмжлэг хамгийн чухал бөгөөд аяны хугацаанд идэвхтэй оролцохыг та бүхэнд уриалж байна.

Өнөөдөр улсын хэмжээнд нээлтээ нэгэн зэрэг хийж буй аяны хүрээнд иргэд, хөдөлгөөнд оролцогч нарт үнэ төлбөргүй ашиглуулах “Монгол Улсын авто замын сүлжээг холбосон газрын орон зайн мэдээлэл бүхий навигашн /Navigation/ системтэй болох, замын мэдээлэл, зам засвар, хөдөлгөөний түгжрэл, дэд бүтэц, замын дагуух үйлчилгээний төв, шатахуун түгээх станцын байршлын мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх” зорилготой Navigation системийн аппликейшныг технологийн компаниудтай хамтран хөгжүүлж бэлэн болгосон ба энэхүү аппликэйшны тусламжтайгаар орон нутагт зорчих үедээ зам засвар, замын талаарх бодит мэдээллийг авах, зам тээврийн осол их гардаг зам, байршлын мэдээллийг иргэд, хөдөлгөөнд оролцогч та бүхэн авах боломжтой болж байна.

Мөн бид замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах бөгөөд “Хурд хэтрүүлэх”, “Хамгаалах бүс”, “Гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглах”, “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” зөрчилд тавих хяналтыг нэмэгдүүлж, зохих хариуцлагыг хүлээлгэх, энэ төрлийн зөрчилтэй иргэдийн оролцоо дэмжлэгтэйгээр тэмцэх юм.

Аяны нэрд соёл гэсэн үг орсныг та бүгд анзаарч байгаа байх энэ үгийн цаана хөдөлгөөнд оролцогч бүрийн үүрэг, хариуцлага, ухамсарт үйл ажиллагаа байгаа гэдгийг замын хөдөлгөөнд оролцогч хүн бүхэн ойлгох нь чухал юм.

Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version