ЯрилцлагаМГБССНОнцлохЭрүүл мэнд

Дарси Майер: Америкт нөхөн үржихүйн асуудал анхаарал татах болсон

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг ТББ-д Энхтайвны корпусын сайн дурын ажилтан Дарси Майер ирж, англи хэлний сургалт явуулж буй. Тэрбээр даваа гариг бүрийн өглөө мэндэлсээр, инээмсэглэсээр, өгөрсөн долоо хоногт өөрт нь юу тохиолдсон тухай ярьсаар орж ирэх нь сэтгэлд нэг л дулаахан. Түүнтэй Америкийн гэр бүл төлөвлөлт, тусламж үйлчилгээ, Монголын тухай гээд олон асуудлаар ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Яагаад Монголд ирж сайн дурын ажил хийхээр сонгосон юм бэ?

-Намайг Дарси Майер гэдэг. Би Америкийн Пенсилваниа мужийн Геттисбург хэмээх жижигхэн хотоос ирсэн. Миний хувьд 35 гаруй жил эмнэлгийн байгууллагад нийгмийн ажилтнаар ажиллахдаа ихэнхдээ өндөр настай өвчтөнгүүд болон тэдний ар гэрийнхэнтэй ажилладаг байсан. Ер нь залуугаасаа л Энхтайвны корпусын сайн дурын ажилтан болохыг хүсдэг байсан. Тэгээд надад Монголд англи хэлний багшаар ажиллах сайн дурын ажлын санал ирэхэд маш их баярласан. Энэ сайхан үзэсгэлэнтэй, гайхалтай орны талаар бараг юу ч мэдэхгүй байсан хэдий ч би шууд л зөвшөөрчихсөн.

-Монгол орон, хүмүүсийнх нь амьдралын хэв маягийн талаар ямар сэтгэгдэл төрж байна?

-Миний хувьд Монгол дахь өдөр бүр минь шинэ адал явдлаар дүүрэн байна. Монголчууд их найрсаг, нөхөрсөг, тусч хүмүүс. Тэр дундаа Энхтайвны корпустой хамтарч ажиллахыг хүсдэг, англи хэл сурахыг чин сэтгэлээсээ хүсдэг хүмүүсийн дунд байгаа минь үнэхээр сайхан санагддаг. Ялангуяа Монголын баялаг, түүх соёл нь миний сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөдөг. Харин Улаанбаатар хотын хувьд надад Америкийн том хотуудтай адилхан завгүй, маш их боломжоор дүүрэн, бум бужигнаж, түм түжигнэсэн хот шиг санагдсан. Хурдхан шиг л хөдөөгүүр аялж, нүүдэлчин, уламжлалт амьдралын хэв маягийг өөрийн нүдээр үзэхийг тэсэн ядан хүлээж байна.

-Сайн дурын ажлын юу нь танд чухал вэ?

-Би угаасаа сайн дурын ажилд сонирхолтой байсан. Хүн бүр оршин буй дэлхийгээ илүү сайхан болгохын тулд чадах бүхнээ хийх үүрэгтэй юм шиг санагддаг. Энхтайвны корпус нь 50 гаруй жилийн турш дэлхий даяар боловсрол, тусламж үзүүлж ирсэн бөгөөд миний хувьд энэ дэлхийд бага ч гэсэн өөрчлөлт хийх сайхан арга зам гэж ойлгодог.

-Монголд ирээд ямар сайн дурын ажлууд хийж байгаа вэ?

-Миний хувьд сайн дурын ажлынхаа ихэнхи хугацааг Улаанбаатарын нэгэн ерөнхий боловсролын сургуульд англи хэлний багшаар ажиллахад зарцуулж байна. Тус сургуулийн гадаад хэлний тэнхимд англи хэлний багш нартай хамтарч багшлах болон багш нарын англи хэлний чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.

Энхтайвны корпусын ажлын зорилго бол багш нарт англи хэлний мэдлэг олгоход нь туслах бөгөөд ингэснээр тэд илүү сайн багш болох боломжтой юм. Мөн олон нийтэд зориулсан англи хэлний ярианы хоёр клубт (нэг нь хүүхдэд, нөгөө нь насанд хүрэгчдэд) тусалдаг. Би англи хэлний мэдлэгээ сайжруулж, дадлага хийх хүсэлтэй хүмүүстэй ярилцах дуртай.

Долоо хоногт нэг удаа Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн ажилчдад англи хэлний чадварыг нь сайжруулахад тусалж байна. Мөн тус байгууллагын төсөл, хөтөлбөрүүдэд илүү оролцож, өөрийн хувь нэмрээ оруулна гэж найдаж байгаа.

-Та Америкт Гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай гэж сонссон. Энэ тухайгаа танилцуулвал?

-Хэдэн жилийн турш би Төв Пенсильванийн Төлөвлөгөөт эцэг эхийн клиникийн захирлаар ажиллаж байсан. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн үйлчилгээ тэр дундаа БЗДХ-ын шинжилгээ, эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлдэг 5 эмнэлгийн менежментийг хариуцан, ажилласан. Энэ бол миний хийж байсан ажлууд дундаас хамгийн хэцүү, сорилт ихтэй мөртлөө үр өгөөжтэй ажлын нэг. Америк Улсын хувьд эмэгтэйчүүдэд өндөр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэхийн тулд маш өндөр стандарт, олон дүрэм журмыг шаарддаг.

-Америкийн гэр бүл төлөвлөлт, жирэмслэхээс хамгаалах аргуудын хэрэглээ ямар байдаг вэ. Мөн нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний чиглэлд эрүүл мэндийн ямар асуудал тулгардаг вэ?

-Америкийн ихэнхи эмэгтэйчүүд жирэмслэхээс хамгаалах аргыг их сайн хэрэглэдэг. 15-19 насны өсвөр насныхны 37% нь жирэмслэхээс хамгаалах аргыг хэрэглэдэг. 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн 75% нь мөн хэрэглэдэг гэсэн тоон үзүүлэлт байдаг. Тэдний хэрэглэдэг жирэмслэхээс хамгаалах аргууд дундаас хамгийн түгээмэл хэлбэр нь байнгын буюу (умайн гуурсан хоолой эсвэл эрэгтэй үрийн хоолой боох аргууд) юм. Үүний дараа жирэмслэлтээс хамгаалах эм, бэлгэвч, ерөндөг ордог.

Сүүлийн үед Америкт нөхөн үржихүйн эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулах болсон. 2022 онд АНУ-ын Дээд шүүх Үндсэн хуулиар эмэгтэйчүүд үр хөндөлтийн үйлчилгээ авах эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан. Зарим мужууд үр хөндөлтийн үйлчилгээг эрс хязгаарлахын тулд хуулиа өөрчилсөн. Манай улсын хувьд үр хөндөлтийн асуудал үргэлж маргаантай байсаар ирсэн. Олонхи хүмүүс үр хөндөлт нь төрөөгүй хүүхдийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэг бөгөөд зөвхөн тодорхой нөхцөлд л зөвшөөрөх ёстой гэж үздэг. Үр хөндөлт хэзээ ч хууль ёсны байх ёсгүй гэж зарим иргэд үздэг. Зарим мужид жирэмсэн эмэгтэйчүүдэд шаардлагатай эмнэлгийн тусламж авах нь маш хэцүү болсон.

-Америк залуусын хүүхэдтэй болдог дундаж нас буюу гэр бүл төлөвлөх асуудлыг хэрхэн шийддэг вэ?

-Өнөөдөр залуу гэр бүлүүд хүүхэдтэй болохоо хойшлуулах сонголтыг хийдэг болсон. Тиймээс Америкад хүүхэд төрүүлж буй дундаж нас нь 30 болчихсон. Ихэнх эмэгтэйчүүд ажил хийдэг, залуу байхдаа ажил мэргэжилдээ цаг зав, эрч хүчээ зориулахыг хүсч байна. Олон хосууд хүүхэдтэй болохоосоо өмнө санхүүгийн асуудлаа шийдэхийг хүлээдэг болчихсон. Би гэхэд 38 настай байхдаа анхны хүүхдээ гаргаж байсан /27 жилийн өмнө/, тэр үед намайг хожуу төрөгч ээж гэж байсан ч одоо бол энэ насан дээр төрөх нь жирийн үзэгдэл.

-Америк гэр бүл дунджаар хэдэн хүүхэдтэй байна. Олон хүхүхэдтэй бол төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг үү?

-Америк гэр бүлүүд дунджаар 2-3 хүүхэдтэй. Гэхдээ одоо олон гэр бүлүүд ганц эсвэл бүр хүүхэдгүй ч амьдарч байна. Америкийн хүн амын тоо жилээс жилд буурч байгаа. Манай засгийн газраас Монгол Улс шиг олон хүүхэдтэй гэр бүлүүдэд төрөөс ямар нэгэн урамшуулал олгодоггүй.

-Зарим улс орны залуусын төрөлтөө хойшлуулж байгаа шалтгаан олон бий. Тухайлбал, боловсролын зардал нэмэгдсэн тул хүүхэдтэй болохоо хойшлуулсан гэдэг. Америкт ч мөн адил уу?

-Хүмүүс хүүхэдтэй болохоо хойшлуулж, хүүхэд гаргахгүй байгаа олон шалтгаан бий. Тухайлбал, хүүхдийн боловсролын зардал нь нэмэгдэж байгаа болон живх, хувцас, эмнэлгийн үйлчилгээ, хүүхэд асрах зэрэг олон зардал гарч байна. Хүүхдийг төрөхөөс эхлээд 17 нас хүртэл өсгөхөд ойролцоогоор 300,000 доллар (1 тэрбум гаруй төгрөг) шаардлагатай гэж үздэг.

Түүнчлэн, өнөөгийн эмэгтэйчүүд илүү боловсролтой, өөрсдийн цаг зав, хүч чадлаа карьертаа зориулах сонирхолтой болсон тул тэд мэргэжлийн ажил болон ээж байх гэсэн хоёр давхар ажилтай байхыг хүсдэггүй. Мөн хүүхэд насаа гашуун зовлонтой өнгөрөөж, хүүхдүүддээ сайн эцэг эх болж чадахгүй гэсэн айдастай байдаг нь ч бас нөлөөлдөг байх. Өнөөдөр Америкт хүүхэдтэй болох нь хувь хүний сонголтын асуудал. Санхүүгийн боломжтой бөгөөд хүүхэдтэй болохыг хүсдэг гэр бүлүүд л олон хүүхэдтэй болж байна.

-Америкт үр хөндөлтийн асуудлаар олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болсон шүү дээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Яг одоо Америкт үр хөндөлтийн асуудал ихээхэн анхаарал татаж байна. Олон хүмүүс улстөрчид энэ сэдвээр хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс хамаарч санал өгөхөө шийдэж байна. Зарим хүмүүс үр хөндөлт бол эмнэлгийн тусламж үйлчилгээ бөгөөд улс төрийн асуудал байх ёсгүй гэж маргадаг ч Америкт олон асуудал улс төрждөг. Америкийн түүхийн ихэнх хугацаанд үр хөндөлт нь хууль бус бөгөөд аюултай гэж үзсээр ирсэн. Тиймээс энэхүү асуудлыг 50 жилийн өмнөөс л хуульчилсан бөгөөд олон мужид энэ үйлчилгээг авахад маш хэцүү хэвээр байна.

Нэг талдаа үр хөндөлт нь ээдрээтэй сэдэв. Шашны болон ёс суртахууны шалтгаанаар үр хөндөлтийг эсэргүүцдэг хүмүүс байсаар ирсэн бол зарим нь эмэгтэй хүнийг шүүхгүйгээр өөрөө шийдвэр гаргахыг зөвшөөрөх ёстой гэж үздэг. Олон эмэгтэйчүүд янз бүрийн шалтгааны улмаас үр хөндөлт хийх шаардлагатай болдог учраас хүүхэдтэй болох эсэх нь маш хэцүү, ээдрээтэй, хувь хүний ​​​​шийдвэр байдаг бөгөөд үүнийг хууль тэр бүр анхаарч үздэггүй талтай.

-Үр хөндөлтийн асуудлыг хуульчлах, үр хөндөлтийн эмийг эмийн сангуудаар чөлөөтэй худалдаалдаг нь нийгэмд олон маргаан дагуулж байна. Уг эмийг чөлөөтэй зарах нь үр хөндөлтийг нэмэгдүүлнэ гэж зэх хүмүүс ч байгаа. Ер нь “өөртөө үр хөндөлт хийх” нь хэр эрсдэлтэй вэ?

-Үнэндээ Америкт үр хөндөлт хийлгэх хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд буурч байгаа нь эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах үр дүнтэй арга хэрэгсэл авах боломжтой болсонтой холбоотой. Эмийн болон мэс заслын аргаар үр хөндөлт хийх нь эрсдэлтэй тул эмчийн хяналтан дор хийлгэх ёстой.

Америк дахь ихэнх үр хөндөлт нь эмийн үр хөндөлт байдаг. Үр хөндөлтийн эм авахаасаа өмнө эмэгтэй хүн эмчид үзүүлж зөвлөгөө авах ёстой. Эмч үзээд үзлэг шинжилгээг заавал хийнэ. Эмчээсээ заавар зөвлөгөө авч, дараа нь гэртээ эмээ ууна. Дараа нь ямар ч хүндрэл гараагүй гэдэгт итгэлтэй байхын тулд эмчдээ эргэн хянуулж, зөвлөлддөг. Үр хөндөлтийн тусламж үйлчилгээ одоо маш хязгаарлагдмал байгаа учраас олон эмч нар энэ үйлчилгээг онлайнаар үзүүлдэг. Тиймээс ихэнхи эмэгтэйчүүд эмнэлгээс бус шуудангаар эмээ авч байна. Гэсэн хэдий ч үр хөндөлтийн эмийг зөвхөн жороор авах боломжтой.

-Америкт бэлгийн замаар дамжих халдварын өвчлөлийн түвшин, түүнээс сэргийлэх ямар найдвартай арга хэрэглэж байна. Ерөнхий боловсролын сургуулиас нь эхлэн урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох ёстой гэж үздэг шүү дээ. Энэ талаарх таны бодол?

-Харамсалтай нь Америкт хламиди, заг хүйтэн, тэмбүүгийн өвчлөл нэмэгдэж байна. Урьдчилан сэргийлэх аргууд нь бэлгэвч хэрэглэх, шинжилгээнд хамрагдах, хостойгоо сайн харилцах зэрэг орно.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийг заах арга нь Америкт ихээхэн ялгаатай байдаг. Зарим нийгэмлэгүүд зөвхөн хүүхдүүдэд тэвчихийг сургадаг. Бэлгэвч гэх мэт урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг өгөх нь залуучуудыг бэлгийн харьцаанд ороход түлхэц болно гэж зарим хүмүүс үздэг. Бусад нийгэмлэгүүд бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, жирэмслэлтээс хамгаалах талаар нэлээд цогц хөтөлбөрүүдийг заадаг.

-Жирэмслэлтээс хамгаалах олон арга байдаг ч хүмүүс ихэнхдээ ерөндөг, бэлгэвч, эм хэрэглэдэг. Үүнээс өөр ямар аргуудыг хэрэглэж байна?

-Эм, бэлгэвч, ерөндөг зэрэг нь Америкт жирэмслэхээс хамгаалах түгээмэл аргууд юм. Эмэгтэйчүүдэд умайн гуурсан хоолойг холбох, эрэгтэйчүүдэд үрийн суваг боолгох нь маш түгээмэл байдаг. Зарим эмэгтэйчүүд бэлгийн харилцааны үеэр спермицидыг саатуулах хаалт болон спонж хэрэглэдэг. Мөн эмэгтэйчүүд уламжлалт буюу сарын тэмдгийн мөчлөг тооцох хуанлийн аргыг ашигладаг.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны сайн дурын ажилд нь улам их амжилтыг хүсье.

Х.Өнөрсайхан

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version