УИХОнцлох

Чингис Хаан, Капитал банкуудын авлага барагдуулах ажлын мэдээллийг сонсов

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангуудын Чингис Хаан, Капитал банкинд дахь хөрөнгийн асуудлаарх тайлан, мэдээлэлтэй танилцлаа.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн санал гаргаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн “Эмийн үнэ түүний өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн үндэслэл хэсэгт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр уг дараалалд нэмж тусгуулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, М.Оюунчимэг нар малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс даах тухай зохицуулалтыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудийн шинэчилсэн найруулгын, мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг тус Байнгын хорооны дарга П.Анужин хийлээ. Анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төслүүд дээр гарсан зарчмын зөрүүтэй хоёр саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Эдгээрийг болон анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч нийт гишүүдийн 2/3-оор дэмжүүлж дахин санал хураалгах шаардлагатай хоёр саналыг Ажлын хэсэг гүйцээн боловсруулж, шинэчлэн бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга П.Анужин эдгээр саналыг дурдлаа.

Ажлын хэсэг саналдаа, төслийн 29.6 дахь хэсгийн “даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны залгамжлагчид нь өвлүүлнэ” гэсний “орлогыг” гэснийг “орлогын тодорхой хувийг” болгон өөрчлөх, мөн төслийн 29.7 дахь хэсгийг “29.7. Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр бол нэрийн дансны мөнгөжүүлсэн орлого, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт зарцуулах нийт хөрөнгийн хэмжээг тооцож үлдэгдлийг энэ хуулийн 29.8-д заасан журмын дагуу өвлүүлнэ” гэж өөрчлөхөөр заасан байна. Түүнчлэн, анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийн 35.1.2-т, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн “даатгуулагчийг төлөөлж даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагаас” гэсний “байгууллагаас” гэснийг “үйлдвэрчний эвлэлээс” гэж өөрчлөх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төслийн дэмжигдсэн заалттай холбогдуулан эшилсэн заалтыг хасах, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөлд, даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх, сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж, халамж үйлчилгээний чанарт хяналт тавих журмыг “хөдөлмөр, нийгмийн хамгаалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэснийг “хөдөлмөр, нийгмийн хамгаалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж өөрчлөн найруулах саналуудыг боловсруулжээ. Мөн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан 1991 онд батлагдсан БНМАУ-ын Тэтгэмжийн тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, С.Одонтуяа, Ц.Туваан нар асуулт асууж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асарч ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа ээжүүдийн шимтгэлийг төр одоо бас хариуцах боломжтой эсэх, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйл дэх мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх тухай зохицуулалтад орсон ипотекийн зээлд хамруулах, эрүүл мэнд, боловсролын зардал зарцуулах зэрэг заалтууд олон жилийн дараагаас хэрэгжиж эхлэх тул одоо хуульд тусгах шаардлатай эсэх, багц хуулийн төсөлд үйлдвэрчний эвлэлийн саналыг авч, тусгасан эсэх, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх нь мал бүхий иргэдийн үүрэг, хариуцлагыг бүрхэгдүүлж буй эсэх, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг багц хуулийн хүрээнд үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх, тэтгэврийг дараалсан долоон жилийн цалингийн дунджаар тооцож байгааг таван жилээр тооцохоор болж байгаатай холбогдуулан 2018 оноос долоон жилээр тооцуулсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг нөхөж олгох, тодорхой мэргэжлийн хүмүүсийг тэтгэвэрт гарах насаа өөрсдөө сонгодог байх нөхцлийг хуулиар олгох зэрэг олон асуудлыг хөндөж, хуулийн төслүүдийг олон нийтээр хэрхэн хэлэлцүүлсэн талаар тодруулав. Байнгын хорооны дарга П.Анужин нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хөдөө, орон нутагт 10, Улаанбаатар хотод долоон удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, 33 000 орчим иргэнээс санал авсан хэмээн мэдээлэл өгч, хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөөгүй асуудлаар эцсийн хэлэлцүүлэгт санал хураах боломжгүйг тайлбарлав.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Ажлын хэсгээс боловсруулж бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийн 35.1.2-т, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн “даатгуулагчийг төлөөлж даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагаас” гэсний “байгууллагаас” гэснийг “үйлдвэрчний эвлэлээс” гэж өөрчлөх саналын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсад “байгууллага” гэх нийгмийн субьект, хуулийн этгээд байхгүй тул ингэж зааснаас энэ асуудал эзэнгүй орхигдож хаягдана хэмээн үзэж буйгаа хэлэв. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг нар малчдын нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлыг зарим тайлбарыг хийж, байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн Нийгмийн даатгалын тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа 1991 онд батлагдсан Тэтгэмжийн тухай БНМАУ-ын хуулийг хүчингүй болгох асуудлаар Ажлын хэсгээс Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцэв.

Зарчмын зөрүүтэй саналууд болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тулд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудийн шинэчилсэн найруулгын төслүүд, мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн болон Чингис Хаан банканд байгаа Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. Мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Капитал банк дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар 11 удаа хэлэлцэж, зургаан тогтоол батлагдаж, эдгээрээр гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлж байна гээд, Капитал банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 104,2 тэрбум төгрөгөөс 2023 оны тавдугаар сарын 25-ны байдлаар 10,14 тэрбум нь мөнгө хэлбэрээр 25,06 тэрбум нь хөрөнгөөр, нийт 35,2 тэрбум төгрөгийн авлага барагдуулаад байгаа бөгөөд 69.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгааг мэдээллээ. Эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлөөр хөрөнгөөр хүлээн авсан авлагаас 8,4 тэрбум төгрөгийн 33 ширхэг хөрөнгийг 8,6 тэрбум төгрөгөөр борлуулж, 16,6 тэрбум төгрөгийн 45 ширхэг хөрөнгийн үлдэгдэлтэй байгаа ажээ. Үл хөдлөх хөрөнгийн заримд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан 34 аж ахуйн нэгж, иргэнтэй түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж, 256,6 сая төгрөгийн орлогыг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлснээс, хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын зардалд 44,2 сая төгрөг зарцуулсан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Капитал банкны эрх хүлээн авагчаас хүлээн авсан хөрөнгүүдийг үл хөдлөх хөрөнгө зуучлагч байгууллагуудтай хамтран ажиллаж гэрээгээр борлуулах, банкны удирдлага болон хөрөнгийн маргааны улмаас хууль хяналтын ба байгууллагад шалгагдаж байгаа асуудлууд шийдвэрлэгдэхэд Нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт тухайн хөрөнгүүдийг тооцож авах зэрэг саналтай байгаагаа танилцуулсан юм.

Чингис хаан банк 2019 оны 10 дугаар сараас нийгмийн даатгалын төлбөр тооцоог гүйцэтгэж чадахгүй болсон тул Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны есдүгээр сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүх 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэлийг бүрэн хангаж, Чингис хаан банкнаас 101.7 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдүүлсэн талаар сайд мэдээлэлдээ дурдаад, энэхүү нэхэмжилсэн дүнгээс 2023 оны тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийтдээ 6.57 тэрбум төгрөг төлөгдөж, 95.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна гэлээ. 

Чингис Хаан Банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч Нью Стандарт Финанс ХХК нь энэ оны дөрөвдүгээр сард “Баянмөнх техник дэвшил” хөрөнгө оруулалтын ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг банкны энгийн хувьцааг шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу зөвшөөрөл авахаар Монголбанканд хандаад байгаа аж. “Баянмөнх техник дэвшил” хөрөнгө оруулалтын ХХК худалдан авалтынхаа үндсэн төлбөр болох 64,3 тэрбум төгрөгийг энэ оны долдугаар сараас 2025 оны зургадугаар сар хүртэл, хүүгийн төлбөр 30,9 тэрбум төгрөгийг үндсэн төлбөрт төлөгдөж дууссаны дараа буюу 2025 оны зургадугаар сараас 24 сарын хугацаанд, нийтдээ 48 сарын хугацаанд төлөх санал гаргасан байна.

Чингис Хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 95,2 тэрбум төгрөг, Капитал банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 69 тэрбум төгрөг,  нийтдээ 164,2 тэрбум төгрөг барагдуулалт удаашралтай, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар бие даан шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг сайд Х.Булгантуяа танилцуулж, эдгээр төлбөрүүдийг төлөх хуваарь баталсан гэрээ байгуулж ажиллах саналтай байгаагаа дурдав. Мөн цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх байдлаар энэ ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа танилцуулав.

Сайд мэдээлэл хийсний дараа Капитал банк эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү танилцуулга хийв. Тэрбээр, Капитал банкыг татан буулгахтай холбоотойгоор Улсын Их Хурал 2020 онд 32 тоот тогтоол гаргаж, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон эрх хүлээн авагчдад өр төлбөрийг түргэн шуурхай барагдуулах үүрэг өгснийг дурдаад, хүлээж авсан хөрөнгүүд бол Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газруудын сонгож авсан, хамгийн гайгүй гэсэн хөрөнгүүд болохыг хэллээ. Эрх хүлээн авч, капитал банкыг татан буулгах ажиллагаа сүүлийн дөрвөн жил явагдаж байгаагийн эхний хоёр жилд мөрдөх болон прокурорын байгууллагууд хөрөнгийг битүүмжилсэн.

Тиймээс энэ хугацаанд дуудлага худалдаа явуулж, хөрөнгийг нь мөнгө болгох боломжгүй байсан хэмээн тэрбээр онцлоод, дуудлага худалдааг 2021 оноос жигдрүүлсэн тухай ярилаа. Мөн хөрөнгийг үнэлгээг дахин хийлгэсэн байна. Эрх хүлээн авах үйл ажиллагааны дөрвөн жилийн зардал, хөрөнгийн чанар муудаж буй зэрэг шалтгаанаар үнэ өндөр байгаа, бууруулж болдоггүй зэрэг асуудлууд хуримтлагдаж байгааг тэрбээр хэлж, одоо үлдээд байгаа хөрөнгүүдийг Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газрууд сонгоогүй бөгөөд баланс дээр 375 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр байгааг дурдав.

Капитал банкны асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд үүнд эрх хүлээн авагч хохирогчоор буюу иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Энэ хэргийн шийдвэрлэлтэд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газрууд оролцохгүй байгаа хэмээн Т.Дэлгэрхүү танилцуулгадаа дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг мэдээлэв. Шүүхийн шинжээчийн дүгнэлт эхэндээ 223 тэрбум төгрөгийн хохиролтой гэж гарсан боловч дахиж шинжээчийн дүгнэлт гаргахад хохирлын хэмжээг 104 тэрбум төгрөг болгож бууруулсан байна. Иймд эрх хүлээн авагч давж заалдах шатын шүүхэд гомдол гаргажээ. Мөн тэрбээр мэдээлэл хийх үедээ хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарал хандуулахгүй, мэдээлэл өгч нийтлүүлэхээр устгуулаад байгаа талаар ярив. Түүнчлэн Улсын Их Хурлын 32 тоот тогтоолоор үүрэг өгсөн төрийн байгууллагууд төдийлөн анхаарал хандуулахгүй, шийдвэр гаргах нь удаан байгаа зэргээс болж төлбөр барагдуулах ажиллагаа удаашралтай байгааг тэрбээр хэлсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Капитал банк эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү нарын мэдээлэлтэй холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Сүхбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, арилжааны банкуудыг дампуурах асуудал 1996 оноос мода шиг болсон хэмээгээд, энэ асуудал Монголбанк, түүний ерөнхийлөгч нар ямар ч хариуцлага хүлээдэггүй, Улсын Их Хурал төв банк болон түүний удирдлагуудтай хариуцлага тооцдоггүйтэй холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Туваан, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар дээрх асуудлаар асуулт асууж, Капитал банкны худалдаж авсан аймгуудын эмийн сангийн барилгуудыг эргүүлэн авах, мөн тайлан, мэдээлэлд дурдсан гэмт хэргийн шинжтэй болон эрэн сурвалжлагдаж байгаа зээлдэгчдийн асуудал, цаашид Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хэрхэн удирдах, дахиад Капитал банкныхтай адил төстэй асуудал үүсэхгүй гэх баталгаа байгаа эсэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудалд хэрхэн хандаж байгаа, Хадгаламжийн даатгалын корпораци 20 сая төгрөг хүртэлх хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах талаар хэхэн ажилласан зэрэг олон асуудлыг хөндөн ярьж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Капитал банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудаас хариулт авав.

Байнгын хорооны хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Капитал банк эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү нарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан, Чингис Хаан банкнаас Нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрийг тус банкны хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулж, хуваарийн дагуу үе шаттайгаар, бүрэн төлүүлэхийг дэмжих, мөн Капитал банкны төлбөр барагдуулах асуудлаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн холбогдох арга хэмжээг авч, Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулж ажиллахыг тус Үндэсний зөвлөлийн даргад хуралдааны тэмдэглэлээр үүрэг болголоо.

Үүний дараа Байнгын хорооны хуралдаанд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд, тус Үндэсний зөвлөлийн дарга Х.Булгантуяа танилцуулав. Эдийн засгийн идэвхтэй хүн амд нийгмийн даатгалд даатгуулагчдын эзлэх хувь хэмжээ, нийгмийн даатгуулагчдын тоо, үүнээс албан журмаар даатгуулагчдын болон нийгмийн даатгалын үйлчилгээ авсан хүний тоо зэрэг хөгжлийн гол үзүүлэлтүүд 2022 оны өссөн талаар тэрбээр дурдаад, жилийн эцсийн байдлаар, нийгмийн даатгалын шимтгэлийн 2,4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 2,7 их наяд төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 112.1 хувиар биелүүлсэн болон давхардсан тоогоор 2.8 сая хүнд 3.4 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал олгосныг мэдээллээ.

Засгийн газраас Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгож байгаа тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авч, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон байна. Үүнд 469.2 мянган тэтгэвэр авагч хамрагдаж, тэтгэврийн нэмэгдэлд 637.4 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. Мөн нийгмийн даатгалын нийт 34 үйлчилгээний 24-ийг цахим болгосныүр дүнд жилд 12,4 тэрбум төгрөгийн хэмнэлт гарчээ.

Үндэсний зөвлөл 2022 онд нийтдээ найман удаа хуралдаж 17 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дотор Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Нэрийн дансны 2022 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай гэсэн нийтээр заавал дагаж мөрдүүлэх хоёр тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлжээ. Эхний тогтоолоор, нас барсан даатгуулагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2.0 сая төгрөгөөр, донор болгож, эд эрхтнийг бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг 3.5 сая төгрөгөөр тус тус тогтоосон байна. Харин хоёр дахь тогтоолоор, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны 2022 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 9.8 хувиар тогтоожээ.

Үндэсний зөвлөлийн 2022 оны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюучимэг, Б.Бейсен, Ц.Туваан нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд ирэх сараас тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх, мөн зөрүүг арилгах ажлын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа, инфляцид нөлөөлөхгүйгээр зохион байгуулахад анхаарч ажиллах, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 38 хувиар өссөн тухай, хөдөө, орон нутагт ажиллаж байгаа нийгмийн даатгалын байгууллагын ажилчдын цалин хангамж, нийгмийн асуудал, давтан сургалтад хамруулах, хууль сурталчлах, мөн  нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хэрхэн удирдаж байгаа, Төрийн сан болон арилжааны банкууд яагаад хүү төлөхгүй байгаа, Баялгийн сангийн хуулийн үзэл баримтлалд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл ямар байр суурьтай байгаа, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг хариуцахтай холбоотой бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа зэрэг асуудлыг хөндсөн юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний зөвлөлийн дарга Х.Булгантуяа тэтгэвэр нэмэх ажлын бэлтгэл бүрэн дүүрэн хангагдсан хэмээн Байнгын хорооны хуралдаанд хариуцлагатайгаар мэдэгдэв.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг, цөөн хүнтэй, гэр бүлийн шинжтэй жижиг аж ахуйн нэгжүүд бие биенээ хуулийн зүйл заалтыг ашиглах зорилгоор ажлаасаа халж ажилгүйдлийн тэтгэмж авах, эргээд ажилд нь авах зэрэг үйлдэл гаргадгаас болж ажилгүйдлийн даатгалын сангийн зардал өсдөг гэсэн ноцтой үндэслэл хэлж байлаа.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг сонссоны дараа Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үндэслэл хэсэгт “…Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа, эмийн өсөлтийн шалтгаан, эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах шаардлагыг…” гэсэн нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн гаргасан саналын томъёоллоор санал хураав. Уг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version