Гадаад харилцааУИХОнцлох

Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан (2023.06.26) хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга, манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, ИБУИНХУ нь монголчуудын гуравдагч хөрш төдийгүй хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон гэдгийг тодотголоо.

Тэрбээр үргэлжлүүлэн, Элчин сайд Филип Малоныг Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг олон талт хэлбэрээр хөгжүүлэхэд онцгойлон хичээл зүтгэл гаргасныг дурдаад, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь сайшааж, талархал илэрхийлэв.

Элчин сайд Филип Малон УИХ-ын даргад хандан, өнгөрсөн таван жилийн хугацаанд парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тууштай дэмжин ажилласанд хариу талархал илэрхийлэхийн зэрэгцээ эхлүүлсэн ажил, санаачилгууд илүү өргөн цар хүрээнд өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа.

Түүнчлэн, Монголоос ИБУИНХУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо жил бүр нэмэгдэж байгааг тэмдэглээд, шинэ үеийн чадварлаг боловсон хүчин, ирээдүйн манлайлагчдыг дэмжин ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар, манай хоёр орон улс төр, эдийн засаг, гадаад худалдаа, боловсролын салбарт төдийгүй соёл урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг дурдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version