Гадаад харилцааОнцлох

Монгол, Катарын хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Катар Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн II зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, катарын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмад Хассан Аль-Хаммади нар хамтран даргалав.

Зөвлөлдөх уулзалтын эхэнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй энэ онд хоёр улсын ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, харилцан айлчлал, арга хэмжээ зохион байгуулахын чухлыг тэмдэглэв.

Катар Улсын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмад Хассан Аль-Хаммади хоёр улсын харилцаа жилээс жилд өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, катарын талаас Монголын эдийн засагт хөрөнгө оруулах боломж, бололцоо ихээхэн байгааг онцлов.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ойрын болон дунд хугацааны зорилтуудын талаар дэлгэрэнгүй ярилцав. 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн үндэс бүрдсэнийг онцлоод, бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулахаар тохиролцов. Түүнчлэн талууд цаашид харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэж, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол, соёл, спортын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдийг байгуулахаар тогтлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version