“Монгол Улсын хос бөхт тэмээ – Хөгжлийн боломж, стратеги” уулзалт болно
Монгол Улс бол хос бөхтэй тэмээний өлгий нутаг билээ. 2022 оны мал тооллогын дүнгээр манай улс 470.4 мянган тэмээтэй байна. Хос бөхт тэмээний аж ахуй, тэмээнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар нь Монгол Улсын олон улсын хэмжээнд ялгарах өвөрмөц онцлог бөгөөд стратегийн чухал ач холбогдолтой.
Жил бүрийн зургаадугаар сарын 22-нд Дэлхийн тэмээний өдөр тохиодог. Дэлхийн тэмээний өдрийг Монгол Улсад анх удаа тэмдэглэх хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран Монгол Улсын тэмээний аж ахуй, түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, салбар дундын уялдааг хангах, экспортыг дэмжих, олон талт түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Монгол Улсын хос бөхт тэмээ-хөгжлийн боломж, стратеги” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.
Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын тэмээний аж ахуйн талаар баримтлах бодлого, арга хэмжээ, бүс нутгийн тэмээний аж ахуй, Монгол Улсын боломж, санаачилга, ингэний сүүн бүтээгдэхүүн экспортлох боломж, орон нутагт байгуулах ингэний аж ахуй, сүүний үйлдвэрийн цогц төсөл, Тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулах санаачилга, Тэмээний ноосны тогтвортой үйлдвэрлэл, цаашдын зорилт, Тэмээн соёл, Тэмээн уралдаан, аялал жуулчлал зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн энэ үеэр салбарын дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний дээж бичил үзэсгэлэн гарна.
Зөвлөлдөх уулзалтаас Монгол Улсын тэмээний аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, тэмээ, тэмээн соёл уламжлалыг хадгалж хамгаалах, тэмээнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсад Дэлхийн хос бөхт тэмээний холбоог байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх, Дэлхийн тэмээний өдрийг цаашид уламжлал болгон тэмдэглэх, НҮБ-аас зарласан Олон улсын тэмээчдийн жил /2024 он/-ийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, Монгол Улс бүс нутаг, олон улсад үр дүнтэй хамтран ажиллах чиглэлд зөвлөмж гаргана.