УИХFocus

Цахим шилжилтийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийн хэрэгжилтийг сонсов

Инноваци, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр баталсан Засгийн газарт чиглэл өгөх тухай 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг сонсох, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг /2023.06.20/ хэлэлцлээ.

Эдгээр хоёр асуудлын хэлэлцэх дарааллыг өөрчилж, эхлээд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн байгуулах байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Энэхүү Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, ажиллахаар болов.

Түүний дараа тус байнгын хорооны хуралдаанаар 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр баталсан Засгийн газарт чиглэл өгөх тухай 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсан. Тэрбээр, байнгын хорооны тогтоолоор цахим шилжилтийг эрчимжүүлэх тухай нийт 11 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Энэ дагуу иргэн хуулийн этгээдийн мэдээллийн систем, сүлжээнд чиглэсэн кибер халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий кибер халдлага зөрчилтэй тэмцэх “Нийтийн төв”-ийг байгуулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх, мэдээлэл төхнологи, харилцаа холбооны салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хомстолоос сэргийлэх зорилгоор дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, олон улсад ашигладаг цахим төлбөрийн системийг Монгол Улсад ашиглах боломжийг бүрдүүлэх, нийтийн мэдээллийн систем үүсгэх, хөгжүүлэхтэй холбоотой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа үндэсний аж ахуйн нэгжийг дэмжих, бараа, ажил, үйлчилгээний ашиглалт, хөгжүүлэлтийг нийлүүлэгч аж ахуй нэгж тодорхой хугацаанд хариуцах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Нэмэгдсэн өртгийн албан татвар (И-баримт)-ын төлбөрийн цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим төлбөрийн системтэй холбох, Үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийг сайжруулан олон улсын итгэмжлэгдсэн жагсаалтад оруулах, Ерөнхий боловсролын сургалтад тоон бичиг үсгийн чадавхийг дээшлүүлэх талаар агуулгыг тусгах, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон их, дээд сургуулиудад мэдээллийн технологи, программ хангамж, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн сүлжээ, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжлэх ухаан зэрэг мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг ажлын хүрээнд хийсэн ажлаа танилцуулсан.

Тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, салбарын боловсон хүчний бодлого алдагдсан байгаа. Монголдоо мэргэжилтнүүдийг бэлтгэх, авч үлдэх талд ямар арга хэмжээ авч байна. Хүний нөөцийн чиглэлд ямар бодлого боловсруулах вэ гэсэн асуултад Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хариуллаа. Тэрбээр, цахим хөгжлийн салбарт хүний нөөцийн хомстолд орсон. Мэдээлэл, технологийн нарийн мэргэжлийн хүмүүсийг төрийн албан хаагчдын цалинтай дүйцүүлэн авах бэрхшээлтэй болсон. Нэг талаар цалинг хөлсийг нэмэгдүүлж, мэргэжилтнүүдийн төрд ажиллуулах нь хувийн хэвшилтэй өрсөлдөх суурь хөрсийг буй болгодог. Тиймээс хувийн хэвшилд буй инженерүүдэд өндөр цалин амалж, төрд ажиллуулах нь буруу гэж үздэг. Харин хувийн хэвшлийнхний бүтээсэн программ хангамжийг төр худалдан авах зөв жишиг руу явж байна.

Өөрөөр хэлбэл, төр систем хөгжүүлэхээс татгалзаж, бодлого боловсруулдаг төвшиндөө мэргэжлийн чадварлаг байх шаардлагатай байна. Тиймээс сайдын баталсан төсвийн хүрээнд цалингийн итгэлцүүрээр нэг яам, агентлагт цалин өндөр 1-3 хүртэл орон тоонд нарийн мэргэжилтнүүдийг ажиллуулж байна. Мөн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Батлан хамгаалах их сургуультай хамтран хүний нөөцийг бүрдүүлэх талаар ажиллаж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version