Хууль эрх зүйОнцлох

“Номин тав трейд” ХХК-ийн гомдлыг хүлээн авахаас татгалзлаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 11 дүгээр сард “Номин тав трейд” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-т “барааг гуравдагч этгээдэд худалдах, худалдан авахыг хязгаарлах” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний борлууллалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг болох 6,991,078,398 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Номин тав трейд” ХХК-ийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуй эрхлэгч нартай хийдэг худалдааны хамтран ажиллах гэрээний 6.3-т “нийлүүлэгчийн тогтоож өгсөн жижиглэнгийн үнэ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр болон үйлчилгээний газрын үнээс хямд эсвэл адил байх /хямдралтай үеийн үнэ мөн хамаарна/ хямд үнийн баталгааг хангасан байна” гэж, мөн гэрээний 6.4-т “хэрэв гэрээний 6.3-т заасан хямд үнийн баталгаа хангагдаагүй тохиолдолд борлуулагч нь жижиглэнгийн үнийг илүү хямд үнэтэй зах зээл дээрх бусад өрсөлдөгчидтэй адил хэмжээнд шинэчлэн тогтоож, тухайн үеийн өөрийн нөөцөнд байгаа үлдэгдэл тоо эсвэл сүүлийн 10 хоногийн бараа татан авалтын тоо хоёрын аль өндрийг тооцооны хуучин, шинэ үнийн зөрүүгээр үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн нийлүүлэгчээр төлүүлэх эсвэл борлуулалтын орлогоос суутган авна” гэж заасан нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэгдсэн гэж дүгнэсэн, мөн борлуулалтын орлогыг сайтар нягтлан зөв тооцоолох шаардлагатай, зөрчлийн хэргийн бусад холбогдогч /”Моннидэр” ХХК, “Боса” ХХК, “Дижитал концепт” ХХК/ нарт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж, дахин шинэ акт гаргах хүртэл улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

​“Номин тав трейд” ХХК-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн, мөн Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2023.06.06-ны өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар тус компаний хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: ШӨХТГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version