НийгэмОнцлох

Дадлага, сургуульд 400 мянга гаруй хүн хамрагдлаа

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургуулийн хаалтын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож хэлсэн үгэндээ “Монгол орны нутаг дэвсгэрт 2022 онд 58266 газар хөдлөлт болж, үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 134, түүний дотор 5-5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 3 удаа болсон. Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад нийт газар хөдлөлт 5.7, хүнд мэдрэгдэм газар хөдлөлт 6 дахин өссөн.

Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах чиг, үүрэг бүхий байнгын ажиллагаатай дэд зөвлөл ажиллаж байна.

Мөн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”, “Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам”,  2017 оны 67 дугаар тогтоол “Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах өдөр зохион байгуулах журам” зэрэг эрх зүйн орчин, зохицуулалт цөөнгүй бий.

Гагцхүү хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдэд сурталчилан таниулах чиглэлээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм. Тиймээс иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдуулаа холбоог сайжруулахад энэхүү сэдэвт стратегийн команд штабын сургуулийн үр нөлөө, ач холбогдол өндөр байна гэдэгт итгэлтэй байн.

Сургуульд оролцож хамтран ажилласан олон улсын байгууллага, хүмүүнлэгийн байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, хуулийн этгээдийн төлөөлөн орлцсон та бүхэнд баярлалаа” гэлээ.

Дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуульд нийт 400 мянган гаруй хүн хамрагдлаа.

Мөн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх  дүүрэгт газар хөдлөлтийн дараах мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт хээрийн эмнэлгийг дэлгэж, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, харилцан уялдааг хангасан юм.

Дадлага сургуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын онцгой комисс, гамшгаас хамгаалах 12 улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, НҮБ-ын суурин зохицуулагчийн ажлын алба, 12 хүмүүнлэгийн тусламжийн сектор, Дэлхийн зөн Монгол болон эрүүл мэндийн байгууллага, 21 аймаг, нийслэлийн 9-н дүүргийн нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 2900 гаруй хүн оролцлоо.

Оролцогчид газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах штабын дадлага хийж, гамшгаас хамгаалах албад, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version