Засгийн газарХАА-н салбарУИХОнцлох

ХХААХҮЯ банкуудаар дамжуулан 982 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, арилжааны 10 банктай Зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд байгуулжээ.

Мөн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн санхүүжилтийн ерөнхий гэрээг Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтран байгуулсан байна.

Ерөнхий гэрээний дагуу хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай олгож байна.

  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд 132.3 тэрбум төгрөг,
  • Газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6 тэрбум төгрөг,
  • Хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээс олгожээ.

Өнгөрсөн сарын байдлаар хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлд нийт 892 үйлдвэрлэл эрхлэгчид 106.8 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Тодруулбал

  • Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр 66.0 тэрбум,
  • Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 38.6 тэрбум,
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр 2.19 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.

Нийт зээлийн 76 хувийг Хаан, 14.9 хувийг Хас, 4.3 хувийг Голомт банкаар олгожээ. Цаашид зээл олголтыг эрчимжүүлэн, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун дурдав.

Нэг тэрбум төгрөгөөс дээш зээл авсан аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон банктай хамтран гуравласан гэрээ байгуулан хянаж байгаа талаар мэдээллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version