Барилгын чанар, аюулгүй байдал, стандартын талаарх зөвлөлдлөө
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах хүрээнд өнөөдөр /2023.03.21/-ний өдөр Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаарх зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд хамаардаг бөгөөд 1995-2009 онд нийт 600 гаруй сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тиймээс БХБЯ, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран манай Улсын хувьд учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх ажлуудыг эрчимжүүлэх зорилгын дор тус зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нээж үг хэллээ. Тэрбээр:
Монгол орны нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж, Улаанбаатар хот орчимд 2022 онд 1047 удаа, 2023 оны эхний гурван сарын байдлаар 331 удаагийн давтамжтай газар хөдлөлт болсон нь томоохон гамшгийн эрсдэл үүсч болзошгүй байгаагийн илрэл. Энэ цаг үед энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буй нь оновчтой ажил хэрэг болохыг онцлон тэмдэглээд Бүгд найрамдах Турк Улс, Сири Улсын олон муж, хотыг хамарсан хүчтэй газар хөдлөлтийн улмаас 31,643 хүн амиа алдаж, 80,278 хүн гэмтэж, бэртэн 6444 барилга нурсан маш харамсалтай үйл явдал саяхан болж өнгөрсөн нь манай улс газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлд бэлэн үү гэдгийг бидэнд сануулж байна гэлээ.
Мөн Барилгын салбарынхны хамгийн чухал үүрэг хариуцлага бол стандарт, чанарын шаардлага хангасан хүн ардын эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зүтгэх. Тиймээс яамны хувьд энэхүү зорилгод чиглэсэн үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангаж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн, салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн үйл ажиллагааг уялдуулан дэмжиж ажиллах болно гэв. Түүнчлэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд туссан барилгын чанар, стандарттай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байгааг хэллээ. Энэ хүрээндээ Улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжийн нэгдсэн судалгааг гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газарт тус тус танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулан үе шат дараатайгаар буулгах, шинээр барих ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох норм дүрэм,стандартыг шинэчилж батлуулах чиглэлээр ажиллаж байгаа гэлээ.
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Улаанбаатар хотын 2002 оноос өмнө баригдсан барилга байгууламжид газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж, паспортжуулсан үйл ажиллагааны үр дүнгээс харахад 944 барилгаас 543 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн үр дүн гарсан байгаа нь төр засгийн хэмжээнд дээрх асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг сануулав.
Одоогоор Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавраар барилгын гол нэр төрлийн материал болох импортын болон дотоодын үйлдвэрлэлийн арматур, бетон зуурмаг, бетон эдлэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд цаашид паспортжуулах барилга байгууламжийн судалгааг гаргаж, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралд танилцуулан шийдвэрлүүлэх болно гэв.
Тус хэлэлцүүлгээр “Барилгын салбарын хяналтын тогтолцоо, хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй бодлого”-ын талаар Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газран дарга Д.Жаргал илтгэл тавьж хэлэлцүүлсэн бол Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Харин Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Туркт Улсад болсон газар хөдлөлтийн дараа явуулсан эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон туршлагаасаа хуваалцав.
Мөн Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнг Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагыг төлөөлөл Б.Наранбаатар танилцуулсан юм.
Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн байгууллага, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, холбоодын нийт 200 гаруй төлөөлөл оролцож байна.