Засгийн газрын тэргүүн соёлын салбарынхантай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар өнөөдөр Уран зургийн галерейд соёлын салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны болон “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн бодлогыг танилцуулж, эдгээр бодлогод Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хэрхэн тусгагдаж байгаа талаар танилцуулав.
Үүний дараа Соёлын сайд Ч.Номин дээрх бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар танилцуулж, салбарынхны асуултад хариуллаа.
Салбарын төлөөллүүд цалин хөлс бага, үүнээс улбаатай мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орсон, орон нутгийн ажилчдын урамшууллыг олгох зэрэг нийтлэг санал хэлэв.
Уран бүтээлчдийн асуултад цалин хөлс болон төсвийн асуудал хариуцсан Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар хариулж, Соёлын сайдын саналд үндэслэн Засгийн газрын бодлогын хүрээнд ойрын хугацаанд соёлын салбарынхны цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлж нэмнэ гэж мэдэгдлээ.
Мөн Соёлын яамнаас ирүүлсэн орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгох журмыг холбогдох сайд нар хянаж, баталж дууссан тул олгогдож эхэлнэ гэв.
Түүнчлэн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ялгаатай байдал, зөрүү гарч байгаа учраас соёлын салбарын ТҮ ангиллын албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх, тэгшитгэх бодлого баримталж байгаа талаар танилцуулав.
Мөн Соёлын сайд Ч.Номин цалин нэмэгдэж, урамшуулал олгогдохтой зэрэгцэн Соёлын тухай хуульд заасан бусад нэмэгдэл, урамшуулал, илүү цагийн хөлс, тасалбарын орлого зэргийг ажилтнуудад хүртээмжтэй байдлаар олгох журмыг ойрын хугацаанд батлуулж дуусна гэв. Үүний зэрэгцээ соёлын салбарт дутагдалтай байгаа боловсон хүчнийг нөхөх бодлогыг яаралтай хэрэгжүүлж, цаашид мэргэжлийн урлагийн байгууллагуудыг тогтвортой орлоготой, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувьчлалаас бусад арга замаар менежментийн шинэчлэл хийх төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцуулна гэсэн юм.
Уулзалтад, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Монгол Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцов.