Хууль эрх зүйFocus

Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 97 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 829 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 809 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл хүргүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “М” нь Дундговь аймгийн Стандарт, хэмжилзүйн албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын албан тушаалтан “Д”, “Х” нар нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.  

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version