Засгийн газарГадаад харилцааОнцлох

Саудын Арабын Аялал жуулчлалын дэд сайдтай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Аялал жуулчлалын дэд сайд, Эрхэм дээд Гүнж Хаифа бинт Мухаммад Аль-Сауд-тай /2023.05.25/ өдөр уулзав.

Уулзалтын эхэнд Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 онд “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улс болон Саудын Арабын Хаант Улс хоорондын аялал, жуулчлалын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдийн хооронд холбоо тогтоож, аялал жуулчлалыг сурталчлах хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тохиров.

Мөн Сайд Б.Батцэцэг хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шууд нислэгтэй болохын чухлыг тэмдэглэж, цаашид Монгол Улс, Саудын Арабын Хаант Улсын хооронд агаарын хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллахыг санал болгов.

Түүнчлэн Cайд Б.Батцэцэг Эрхэм дээд Гүнж Хаифа бинт Мухаммад Аль-Сауд-тай Хааны гэр бүлийн гишүүнийх нь хувьд хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, Монгол Улсад халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг Саудын Арабын Хаант Улсад нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.

Аялал жуулчлалын дэд сайд, Эрхэм дээд Гүнж Хаифа бинт Мухаммад Аль-Сауд Монгол Улстай аялал жуулчлал төдийгүй соёлын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглээд, өөрийн зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Аялал жуулчлалын хамтын ажиллагааны хүрээнд Саудын Арабын мотоспортын холбооны гишүүд энэ зун Монгол Улсад аялах сонирхолоо илэрхийсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version