ОнцлохНийслэл

Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлнэ

Улаанбаатар хот төсвийн нийт орлогынхоо 55.5 хувийг хувь хүний орлогын албан татвараар, 7.9 хувийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараар бүрдүүлж байна. Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгүүдийг таван бүсэд хуваан, жилд нэг удаа 0.6-1 хувийн татвар хураадаг. Тухайлбал, хотын төвийн буюу нэгдүгээр бүсэд байрлалтай үл хөдлөх хөрөнгөөс нэг хувийн татвар хурааж байна.

Гэтэл аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчлээгүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр татвар төлж буй зөрчил байсаар байгаа юм. Энэ зөрчлийг шийдвэрлэхээр Ажлын хэсэг ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотод хуулийн этгээдүүд 29 мянган үл хөдлөх хөрөнгөөр бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний дийлэнх нь 10-20 жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн хямд үнэлгээгээр тооцон үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлдөг. Тодруулбал, Улаанбаатар хотод байрлалтай зарим үл хөдлөх хөрөнгө өнөөгийн зах зээлийн бодит үнэлгээнээс 10-20 дахин бага үнэлгээгээр тооцон татвар төлж байна.

Татварын ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг зах зээлийн бодит үнэлгээгээр тооцон, татвар хураах эрх зүйн орчин бүрдүүлэх саналыг удаа дараа гаргасан боловч дэмжлэг авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг хоёр хувь болговол аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй. Үндсэндээ шударгаар үнэлгээгээ хийлгэж, татвараа шударгаар төлж байгаа байгууллагуудад дарамт үүснэ гэсэн үг.

Миний бие ахалж байгаа Ажлын хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн татварыг шударга байдлаар, зах зээлийн бодит үнийн жишгээр төлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн удирдлага татварын орлого төвлөрүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь, хэмжээг нэмэхгүй. Харин шударга байдлаар, зах зээлийн бодит үнэлгээгээр тооцож татвар хураах бодлого барьж ажиллана” гэлээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2018 оны зургаадугаар сарын 21-нд баталсан. Тус хуулийн төслийн 9.3 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг барьцааны болон гэрээ хэлцлийн үнэлгээгээр тооцох агуулгатай заалт тусгасан ч УИХ-ын гишүүд дэмжээгүй байдаг.

2022 оны зургаадугаар сарын 17-нд Газрын тухай багц хуулийн хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагуулж өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд үл хөдлөх хөрөнгийн татварын барьцааны болон гэрээ хэлцлийн үнэлгээгээр тооцох агуулгатай заалтыг дахин тусгаад байна. Гэвч УИХ-аас Газрын тухай багц хуулийг бүхэлд нь буцаасан билээ.

Дэлхийд үл хөдлөх хөрөнгөөс дээд тал нь таван хувийн татвар хураадаг орон ч бий. Тодруулбал, Финланд 0.93-2, БНСУ 0.07-5, Испани 0.4-1, АНУ 0.37-2.2, Япон 1.5-3, Швейцар 1-3 хувиар тооцож, үл хөдлөх хөрөнгийн татвар хураадаг. Манай улсын үл хөдлөх хөрөнгийн татварын хувь, хэмжээ дэлхийн дунджаас доогуур байгаа юм.     

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version