“Урьтаж ухаар” замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг олгож байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас түнш байгууллагуудтайгаа хамтран НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоногийн арга хэмжээг “Урьтаж Ухаар” уриалга дор 2023 оны 05 дугаар сарын 15-наас 21-ний өдрүүдэд зохион байгуулахыг дэлхий нийтэд уриалсан.
Жил бүр дэлхий нийтэд 1.5 сая хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 50 орчим сая хүн гэмтэж байна. 5-аас 29 хүртэлх насны хүмүүсийн хувьд зам тээврийн ослын улмаас амиа алдах эрсдэл тэргүүлэх шалтгаан нь болдог. Мөн амиа алдаж байгаа 4 хүн тутмын 1 нь явган зорчигч, унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогч нар байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд дурьдсан байдаг.
Иймд явган зорчигч, унадаг дугуйгаар аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулахыг Дэлхийн эрүү мэндийн байгууллагаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн улс орнуудад зөвлөсөн.
Дээрх 7 хоногийн “Урьтаж ухаар” уриатай арга хэмжээг манай улсад зохион байгуулах зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын суурин төлөөлөгчийн газар, Зам, хөгжлийн тээврийн яам, Эрүүл мэндийн яам, Тээврийн цагдаагийн албанаас батлагдсан хуваарь, төлөвлөгөөний дагуу энэ оны 05 дугаар сарын 16-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны хурлын танхимд хэвлэлийн хурлыг зохион байгуулж, иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэсэн.
Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагч нарт “Унадаг дугуй, мопед, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцоход анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулах, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцдаг хүүхэд багачуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой 2023” тэмцээнийг улсын хэмжээнд тус тус зохион байгуулж байна.
Түүнчлэн нийтийн тээврийн автобуснуудын техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.