ЯрилцлагаНийгэмОнцлох

Монголчууд бодит өртгөөс 55-58 хувь доогуур үнээр цахилгаан, эрчим хүч хэрэглэдэг

Манай улсад эрчим хүчний бодит өртөг, хэрэглээ, хэрэгцээ ямар байдалтай байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ /2023.05.09/ сэтгүүлчдэд мэдээллээ.

-Эрчим хүч хэрэглэгчид өнөөдрийн байдлаар 1/ кВт.ц эрчим хүчийг ямар үнэ өртөгөөр худалдан авч байна вэ?

Цахилгаан эрчим хүчний өртөг нэг к/Вт.ц тутамд 224 төгрөг байна. Хэрэглэгчдэд борлуулж буй үнэ дундажаар 211-213 төгрөгт хэлбэлзэж байна. Харин ахуйн хэрэглэгч 1/кВт.ц цахилгаан эрчим хүчийг 142  төгрөгөөр худалдан авч байна. Энэ нь бодит өртөгөөс 58 орчим хувиар доогуур түвшинд байна. Дулааныг өөрийн өртөгөөс нь  55 орчим хувиар доогуур үнээр эрчим хүчийг худалдан авч байна. Тэр хэмжээгээр алдагдал хүлээж байна. Салбарын хувьд өнгөрсөн оны дүнгээр 187 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан. Үүний цаана өр төлбөр нэмэгдэх, ДЦС-уудаас эхлээд дулаан, цахилгааны шугам сүлжээ шаардлагатай засвар үйлчилгээг хийж чадахгүй байдалд хүргэж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хойшлогдох зэрэг эрсдэл дагуулж байна.

Тиймээс цаашид эрчим хүчний үнийг өөрийн бодит өртөгт нь хүргэх зайлшгүй шаардлага тулгарсаар байна. Гэтэл хэрэглээг 2022 оны дүнгээр авч үзвэл өнгөрсөн оноос 5.8 хувиар өссөн дүнтэй гарсан. Улсын хэмжээнд 10.3 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсэн. Үүний 79 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 21 орчим хувийг импортоор худалдаж авч байна. Энд ОХУ болон БНХАУ-аас авч буй цахилгаан, эрчим хүч зонхилж байна.     

Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй барьж байгуулахад Эрчим хүчний тухай хуулийн дагуу үнэ тарифаа батлуулах ёстой. Үнэ тариф өртгөөсөө доогуур түвшинд байх юм бол мэдээж хөрөнгө оруулагч нарт сөрөг нөлөөтэй. Тиймээс үнэ тарифыг хөрөнгө оруулалтыг дэмжих, хангахуйц түвшинд л байлгах, аваачих учиртай.

-Хэрэглээгээ хэмнэх талаар иргэд юу хийж болох вэ?

-Хэрэглээгээ зохицуулж хэмнэлт гаргах боломжтой. Хэрэглэгчид цахилгаан, эрчим хүчээ хэмнэх зайлшгүй шаардлага бий. Ялангуяа ид ачааллын оргил цагаар. Ер нь Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд хэмнэлт бий болгох үүрэг хүлээсэн хэрэглэгчдийг тодорхойлсон байдаг. Тодруулж хэлбэл, тэдний цахилгаан, эрчим хүч хэмнэх босго хэмжээг Засгийн газрын тогтоолоор тогтоож өгсөн. Энэ онд шинэчилсэн байгаа. Ийм үүрэг хүлээсэн 330 мянга орчим хэрэглэгч байдаг. Тэд цахилгаан, эрчим хүчний нийт хэрэглээний 40 хувийг хэрэглэж байгаа. Улсын хэмжээнд цахилгаан, эрчим хүчний нийт 812 мянган хэрэглэгч, 450 мянга орчим дулаан хэрэглэгч байна. Өсөн нэмэгдэх хэрэгцээг  2022 оны дүнгээр авч үзвэл өмнөхөөс  5.8  хувийн өсөлттэй гарсан.

-Цахилгаан, эрчим хүчийг ямар арга замаар, яаж хэмнэх вэ?

-Үүрэг хүлээсэн хэрэглэгч нар эрчим хүч хэмнэлтийн менежертэй байх зэргээр хуульд тусгасан. Хэмнэлтийн менежерүүд цахилгаан, эрчим хүчийг хэрхэн хэмнэх аргыг таниулан сурталчилж, зохицуулж хэрэгжүүлдэг. Дээр нь Эрчим хүчний адуитын байгууллага ажиллаж байгаа. Манай салбарт хэмнэлтийн чиглэлээр 114 аудитор ажиллаж, цахилгаан, эрчим хүчийг хэмнэх талаар хэрэглэгч нарт зөвлөж, аудит хийж, юун дээр цахилгаан, эрчим хүчээ алдаж буйг тодорхойлж өгдөг. Эдгээр хүнийг ЭХЗХ-ноос бэлддэг. Цаашид аудиторуудыг олон улсын түвшинд хүргэхээр зорьж, энэ талын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Олон улсын түвшний аудиторуудыг бэлтгэн гаргана. Ер нь бол хэрэглээг бас хэмнэх тогтолцоог бий болгохоор ажиллаж, энэ талын хөтөлбөр, аяныг хэрэгжүүлж, ажлын хэсгүүд зөвлөмж гаргаж байгаа.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version