НӨУБИЧБТОнцлох

ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан “Үндэсний сургалтын хөтөлбөр”-ийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн захиалгаар ИТХ-ын төлөөлөгчид,  ажлын албаныханд зориулсан “Үндэсний сургалтын хөтөлбөр” боловсруулах ажлыг Удирдлагын академиар гүйцэтгүүлж дуусаад байна. Тус хөтөлбөрийг ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаныханд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн оролцогчдын саналуудыг авч нэгтгэх цахим уулзалт /2023.05.04/ Удирдлагын академийн Нутгийн удирдлагын тэнхимд зохион байгуулагдлаа. Уулзалт, хэлэлцүүлэгт Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар, төслийн зөвлөх Г.Билэг-Өрнөх, Удирдлагын академийн багш, доктор, профессор Я.Бямбаяр нар удирдан нийт 126-н аймаг сумдын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчид Монгол орны өнцөг булан бүрээс цахимаар оролцов.   

Хэлэлцүүлгийг нээж “Нутгийн удирдлагын байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” (НӨУБИЧБ) төслийн зөвлөх Г.Билэг-Өрнөх хэлэхдээ “Үндэсний сургалтын хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд Удирдлагын академитай гэрээ байгуулсан. Удирдлагын академийн багш, доктор, профессор Я.Бямбаяр хөтөлбөр боловсруулах ажлыг ахлан ажиллалаа. Бидний та бүхэнд хөтөлбөрийг танилцуулж, саналыг тань авч, нэгтгэнэ. Нэгтгэсэн саналуудыг дахин хэлэлцээд ЗГХЭГ-т танилцуулж батлагдсанаар ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаныханд зориулагдсан “Үндэсний сургалтын хөтөлбөр”-тэй болох юм. Энэхүү шинэ хөтөлбөрийн дагуу та бүхэн маань сургалтад хамрагддаг болох юм” хэмээн онцолсон юм.

Үүний дараа Удирдлагын академийн багш, доктор, профессор Я.Бямбаяр “Үндэсний сургалтын хөтөлбөр”-ийг танилцуулсан юм. Тэр бээр хэлэхдээ “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаныхан болоод төлөөлөгчдөд зориулагдсан сургалттай холбоотой ажлыг олон жил хийж байгаа. Удирдлагын Академи “Үндэсний сургалтын хөтөлбөр” боловсруулах ажлыг олон жилийн өмнөөс эхэлсэн гэж болно. Тодруулбал, Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчдийн сургалтын хэрэгцээг судлах ажлыг 2018 оноос эхэлсэн. 2019 онд нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сургалтын хэрэгцээг судлах ажил хийгдсэн. Энэ судалгаандаа суурилаад Удирдлагын академи дээр ИТХ-ын төлөөлөгчдөд зориулагдсан сургалтын хөтөлбөр хэрэгжиж ирсэн.

Удирдлагын академи нь төрийн захиргааны төрийн албан хаагчдыг бэлтгэхэд чиглэгдсэн сургалт судалгаа хийж, зөвлөгөө өгдөг байгууллага. Тэр утгаараа орон нутгийн түвшний удирдлагуудад зориулсан заавал суралцах ёстой, үзэж судлах, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхтэй холбоотой сургалтыг сүүлийн 30 жилийн туршид хийж ирсэн. Тиймээс сургалтын нэгдсэн систем бий болгох асуудал олон жил яригдаж байгаад одоо нэгтгэгдэн цэгцлэгдэж байна. ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албаны албан хаагчдад зориулсан энэ сургалтын хөтөлбөрийг бид өнгөрсөн өвөл НӨУБИЧБ төслөөс захиалга авч нэгтгэж зохион байгуулсан. Удирдлагын академи дээр хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөрүүдийн агуулгыг шинэчилж, зорилтот бүлгийг нь өөрчлөн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулагдсан болгон сайжруулах, баяжуулах ажил хийгдлээ.

ИТХ-ын төлөөлөгчдийн сургалтын хэрэгцээ нь 3 түвшинд байна гэж үзсэн. Нэгдүгээрт, суурь мэдлэгийн түвшин байх юм. Тодруулбал, ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаныхан заавал мэдэх ёстой мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх гэсэн ерөнхий шаардлагын хүрээнд тодорхойлогдсон суурь сургалт. Суурь сургалтаа дуусгаад ажил хөдөлмөртөө нэвтрүүлж, олж авсан мэдлэгээ бататгасан туршлага дээрээ суурилаад илүү гүнзгийрүүлэх шаардлагатай болно. Энэ үед 2 дахь сургалт буюу бататгах түвшний мэдлэг олж авна. Хамгийн сүүлд 3 дах сургалт буюу илүү тодорхой чиглэлээр гүнзгийрч мэргэших, ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой гарч ирэх мэдлэг ур чадварыг олгоход чиглэгдсэн ахисан түвшний сургалт байна гэж үзсэн.  

Гурван түвшинд сургалтын хэрэгцээг тодорхойлж хөтөлбөрүүдийг боловсруулан ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчдад зориулагдсан сургалтын ерөнхий чиглэлийн сэдвийг нэгтгэсэн модулиудаас сонгон суралцах юм. Сонгон суралцах сэдвийг 5 үндсэн модуль болгож хуваасан.

  • Нэгдүгээрт “Та бодлого тодорхойлогч”. Хурлын төлөөлөгч хүн бол орон нутгийн түвшинд бодлого тодорхойлогч гол хүн.
  • Хоёрдугаарт, “Та иргэдийн төлөөлөгч”. Иргэдийг төлөөлж иргэдийн төлөөлөгчийн хуралд сууж, шийдвэр гаргахад оролцож байгаа хүний заавал эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар олгоход чиглэгдэнэ.
  • Гуравдугаарт, “Та шийдвэр гаргагч”
  • Дөрөвдүгээрт, “Та шинжээч”
  • Тавдугаарт “Та зөвлөн туслагч”

гэсэн модулиудыг сургалтын түвшин бүрд нь зориулан “Үндэсний сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулж гаргалаа. Суурь сургалтын хөтөлбөрийг 16 ерөнхий чиглэлээр боловсруулсан” хэмээн онцолж байлаа.

“Үндэсний сургалтын хөтөлбөр”-ийг дэлгэрэнгүй танилцуулж дууссаны дараа уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн саналыг хэлж, харилцан санал солилцлоо. Тэдний саналыг НӨУБИЧБ төслийн зүгээс нэгтгэн ЗГХЭГ-т танилцуулж, батлуулснаар ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчдад тусгайлан зориулсан сургалтын хөтөлбөрөөр мэдлэг, ур чадвар олгох сургалтууд зохион байгуулагддаг болох юм.

Эцэст нь хэлэлцүүлгийг хааж НӨУБИЧБ төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар хэлэхдээ “Энэхүү сургалтын хөтөлбөрийг төслийн зүгээс khural.mn цахим хуудсыг шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд дөнгөж хийгдээд байгаа “Хэлэлцүүлэг” хэсэгт байршуулна та бүхэн нухацтай үзэж танилцаад санал, сэтгэгдлээ үлдээцгээгээрэй” гэв.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version