“Монгол”-ын шигтгээ Т.Солонго-Уянга
Жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайхан дэлгэцийн ээлжит бүтээлээ “Монгол” нэртэйгээр өнгөрсөн сарын 28-наас үзэгчдэд хүргэж буй. Тус киноны “шигтгээ” дүрд загвар өмсөгч Т.Солонго-Уянга тоглосон юм.
Т.Солонго-Уянга нь санхүүгийн менежмент мэргэжилтэй. 2014 оноос “Шилмэл загвар” агентлагт суралцаж, 2018 оноос загвар өмсөгчөөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр өмнө нь Орос, Хятадад ажиллаж байсан, одоо Лондон хотод ажиллаж буй бөгөөд түр хугацаагаар эх орондоо ирээд буй аж.
Энэ талаараа “Миний бодлоор хүн хайртай, дуртай зүйлээ хийвэл түүнээсээ маш их аз жаргал, эрч хүч авч, илүү хайрлаж, дурлаж хийдэг. Ямар ч тохиолдолд, ядарсан ч бай, эсвэл хэцүү зүйл тохиолдсон ч гэсэн түүнийг аз жаргалтайгаар өөртөө хүлээж авдаг юм шиг санагддаг. Одоогийн байдлаар мэргэжлээрээ ажиллахаас илүүтэйгээр моделиор ажиллах нь надад сайхан байна” гэсэн.
“Монгол” уран сайхны кино нь түүний тоглосон дэлгэцийн анхны уран бүтээл. Тэрбээр “Монгол” киноны Сэрчмаагийн дүрд сонгогдон тоглосон талаараа “Өмнө нь киноны санал авч байгаагүй. Эл киноны саналыг авах үед баярласан ч юм уу, эсвэл айсан ч юм уу, ямар нэг мэдрэмж ерөөсөө төрөөгүй.
Харин натурт гарах өглөө нь гэнэт ухаан орсон юм шиг “Би нээрэн кинонд явах гэж байгаа юм байна” гэж бодоод аягүй олон мэдрэмжүүд зэрэгцэж төрсөн. Тэр дундаас айдас нь илүү ч гэх юм уу. “Одоо би явах гэж байгаа юм байна шүү дээ. Юу хийчхэв ээ” гэж бодох шиг. Тийм мэдрэмж илүү зонхилж байсан. Харин нээлтийн өдөр киногоо үзэж гарч ирээд кино группийнхэнтэйгээ уулзахад үнэхээр гоё байсан.
Удаан сар, олон хоног уулзаагүй хүмүүстэйгээ дахин уулзахад яг л зураг авалтын үе шигээ хайр дүүрэн мэдрэмжийг авсан. “Би нээрэн ямар том зүйлийн нэгээхэн хэсэг болоо вэ. Ямар мундаг хүмүүстэй хамтран ажиллаа вэ. Өнөөдөр ингээд бид киногоо нээчихлээ” гэсэн бахархах мэдрэмж төрсөн” гэсэн юм.