Уул уурхайМПМОнцлохШинэ мэдээ

Хангайн бүсийн уурхайчид Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ

Австрали-Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2-ын зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон хангайн бүсийн бусад төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран “Хариуцлагатай уул уурхай” чуулганыг /2023.05.05/ анх удаа зохион байгууллаа.

Орон даяар зохиогдох тус арга хэмжээний эхнийх болох Хангайн бүсийн уурхайчдын чуулган өчигдөр Эрдэнэт хотод боллоо. Энэ өдөр хангайн бүсийн уурхайчид, илтгэгчид төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилт, олон улсын болон дотоодын нөхцөл, уул уурхайн ил тод байдал, байгаль орчин, орон нутгийн харилцаан дахь санал санаачилга зэргийг хэлэлцэв. 

Чуулга уулзалтад Улаанбаатар хот, Орхон, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагт хайгуул, олборлолтын үй ажиллагаа явуулж буй компани, тухайн аймгуудын төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, иргэдээс бүрдсэн 400 гаруй оролцогч уул уурхайн үйл ажиллагааг хэрхэн зөв хэрэгжүүлэх талаар санал бодол, байр сууриа илэрхийлэн оролцлоо.

Чуулганыг нээж, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал үг хэлэхдээ, Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөллийг оролцогч талуудад зөв мэдээлэл хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, сайн туршлага хуваалцах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад энэхүү өдөрлөгийн зорилго оршиж байгааг онцлоод шинэ зуунд уул уурхайн салбараа хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Дэлхийн улс орнуудын эдийн засаг хөгжихийн хэрээр байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилт хүн төрөлхтний өмнө тулгарч байна. Улс орнуудын хөгжил уул уурхайн салбараас маш их хамааралтай болсон энэ цаг үед тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц нь аль ч улсын хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болж байна. “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудал нь нэн түрүүнд хүний эрхийг хамгаалсан, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай байх гэх мэт тулгуур зарчмуудад үндэслэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл хариуцлагатай уул уурхай нь хүний эрхийг хамгаалахад чиглэнэ” хэмээн онцолж байлаа.

Чуулганы эхний хэсэгт “Уул уурхайн талаар баримталж буй бодлого”, хоёр дахь хэсэгт “Хариуцлагатай уул уурхай” сэдвээр төрийн болон мэргэжлийн уул уурхайн компаниуд илтгэл танилцуулга хийсэн юм.

Геологи, уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн дөрөвний нэг, нийт экспортын 90 гаруй хувь, төсвийн орлогын 30 орчим хувийг, мөн нийт гадаад хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн гол хөдөлгөгч хүч болон хөгжиж байна. Энэ үед хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчин, хүн төрөлхтний тэнцвэрт байдлыг хадгалах асуудал юу юунаас чухал гэдэгт оролцогч талууд санал нэгдсэн. Мөн хариуцлагатай уул уурхай эрхэлж байгааг ямар шалгуураар хэмжих, ямар шаардлагуудыг хангах, түүнийг хэрхэн үнэлэх вэ гэдгийг онцолсон юм.

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал “Манай аймаг 84.5 мянган га нутаг дэвсгэртэй. Үүний 11.6 мянган га талбай нь уул, уурхайн олборлолтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Орхон аймаг уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагуудтай уул уурхайн засаглал, байгаль орчин, нийгэм гэсэн гурван чиглэлд хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг. Үүний хүрээнд байгалийн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна” гэсэн юм. 

Нэр төртэй, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааныхаа талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон дэлгэрэнгүй танилцуулга хийсэн нь оролцогчдын сонирхлыг ихэд татлаа. Тэрээр хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжлийн цогц бодлого, өнөөгийн үйл ажиллагаа, сайн засаглал ба ил тод байдал, хүний эрхийг хангах хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА, байгаль орчны хамгаалалт, ногоон хөгжил 100 сая мод, нийгмийн хариуцлага ба орон нутгийн хөгжил сэдвийн хүрээнд илтгэлээ танилцуулсан юм. Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, 45 дахь жилдээ үр бүтээлтэй, амжилттай ажиллаж буй Эрдэнэт үйлдвэр хоногт 3 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс, орон нутгийн төсөвт таван тэрбум төгрөг төвлөрүүлж байна. Өнгөрсөн онд дотоодын 425 аж ахуйн нэгжтэй 876 гэрээ байгуулан, дэмжлэг үзүүлэн ажилласан. Мөн 2007 оноос техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар 40.3 га-д нөхөн сэргээлт хийгээд байна. Түүнээс гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хамгийн түрүүнд нэгдэж, 2031 он хүртэл хугацаанд 100 сая мод тарих төлөвлөлтөө танилцууллаа. Тухайлбал, Хангайн бүсийн гол мөрний усны нөөц, голын татмын ус зохицуулах үүргийг нэмэгдүүлэхэд 30 сая, Говь, хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг бууруулахад 30 сая, Хамгаалалтын ойн зурвас байгуулахад 20 сая, Мод үржүүлгийн газар, Үйлдвэрлэл, технологийн парк, Хаягдлын аж ахуй, Хангал гол дагуу 10 сая, үйлдвэрийн ажилтнууд, өндөр настан, эмэгтэйчүүд, залуу гэр, бүлийг түшиглэн Орхон аймгийн нутаг дэвсгэрт хүн төвтэй ойжуулалт хийхэд 10 сая модыг шинжлэх ухааны үндэстэй тарихаар Ногоон хөгжлийн цогцолбор байгуулан ажиллаж байна гээд, оролцогчдыг “Seed expo”-д урилаа. Мөн тэрээр Эрдэнэт үйлдвэрийн туршлага, хүрсэн амжилт нь бүс нутагт болон орон нутагт хэрэгжүүлэх уул уурхайн төслүүдэд жишиг стандарт болох учиртайг онцлоод хөгжлийн галт тэргэнд хамтдаа суухыг оролцогч талуудад уриалсан. 

Чуулганы завсарлагаар зарим оролцогчдын санал бодлыг сонссон юм. 

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа:

Уул уурхай маш олон салбарын цогц үйл ажиллагааг хамардаг. Үүнийг дагаад маш олон оролцогч талтай. Тиймээс оролцогч талуудад үнэн бодит мэдээлэл өгч, нэгдсэн ойлголттой болохыг бид зорьж байна. Хариуцлагатай уул уурхай гэж чухам юу юм, энэ салбарыг тогтвортой хөгжүүлэхийн тулд үйл ажиллагаа нь яагаад хариуцлагатай байх ёстой вэ, гэх мэт. Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас хариуцлагатай уул уурхайн кодексийг 2018 онд гаргасан. Эхлээд салбарын яам хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа үндэсний томоохон найман аж ахуйн нэгж үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр амлалт авч, санамж бичиг үзэглэсний нэг нь Эрдэнэт үйлдвэр. Өнөөдөр уул уурхайн салбарын үр өгөөж, эдийн засагт яаж шууд хүрдгийг Эрдэнэт үйлдвэр монгол хүн бүрд мэдрүүлсэн. Бүтээн байгуулалт хэрхэн цогцолдгийн үлгэр жишээ загвар. Тийм ч учраас анхдагч, жишиг үйлдвэр байрлаж байгаа бүс нутгаасаа чуулганаа эхэллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх:

Нөхөн сэргээлт гэдэг зардал шаардсан ажил байдаг. Бид 2022 онд 2189 га-д техникийн нөхөн сэргээлт, 773 га-д биологийн нөхөн сэргээлт хийлгэлээ. Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэхэд Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлж ажилладаг. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт олон жил эвдэрч орхигдсон 2000 га талбайг нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Айл гэрт арчаатай нэг хүүхэд байдаг даа. Уул уурхайн салбарын хувьд тэр нь Эрдэнэт үйлдвэр гэж хэлж болно доо. 

Хөвсгөл аймгийн “Хурхтай хайрхан” компанийн тогтвортой хөгжил хариуцсан захирал Б.Мөнхболд: 

Улсын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлэлцэж байгаа нь сайхан санагдаж байна. Төр нь нэг талаасаа ашиглалтын зөвшөөрөл олгодог. Нөгөө талаас орон нутгийн эсэргүүцэлтэй тулдаг. Зөрүүтэй ийм байдал үүсэж байгаа гол шалтгаан нь хариуцлагагүй уул уурхай. Тэгэхээр тулгамдаж буй асуудлаа шийдээд, орон нутагтаа өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, улсынхаа эдийн засагт бодитой нөлөө үзүүлэх үйл ажиллагааг хариуцлагатай явуулахын тулд оролцогч талууд санал нэгдэх нь чухал. 

Монполимет ХХК-ийн Байгаль орчин нөхөн сэргээлтийн албаны дарга Т.Октябрь

Хариуцлагатай уул уурхай гэдэг нь уул уурхайн компаниудаас ашиг орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүйсийн тэгш байдал, хүний эрхийг хангасан, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг дээдэлсэн, тогтворттой хөгжилд хувь нэмрээ оруулдаг, нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй, хуульт ёсонд захирагдсан үйл ажиллагаа явуулахыг шаарддаг цогц ойлголт. Энэ бүхнийг төлөвшүүлж хөгжүүлэх нь зөвхөн Монгол улсын төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудал. Хүний эрхийг хамгаалсан Хариуцлагатай уул уурхайн төлөө Хангайн бүсийн уурхайчид ийнхүү чуулж, чуулганы төгсгөлд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болсон юм.

1 / 13
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version