УИХОнцлох

Д.Тогтохсүрэн: Хууль зүйн үндэсний хүрээлэн хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлнэ

Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын харьяанд болгож, хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх болсон талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар өглөө.

Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж, сая хуулиа баталчихлаа. Та ямар байр суурьтай байна. Энд юу болов?

-Сая хууль тогтоомжийн тухай хууль батлагдсан. Энэ өөрчлөлтөөр хуулийн үр нөлөөг судлах, хуулийн төслүүдийн бэлтгэл хангах, хуулиуд, хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх зэрэг том чиг үүрэг парламентад ирсэн. Хууль зүйн үндэсний хүрээлэнг шилжүүлж байгаа асуудлыг харьяалал шилжиж байгаа асуудал л гэж ойлгож байна.

Өөрөөр хэлбэл хуучин Хууль зүй дотоод хэргийн яамны харьяанд байсан бол одоо УИХ-ын харьяанд ирж байна гэсэн үг. Би бол энэ байгууллага статусын хувьд дээшилж байна гэж бодож байна. Нөгөө талаас парламентад мэргэжлийн ийм хүрээлэн байх шаардлагатай байгаа юм.

Нэгдүгээрт хуулийн төсөл боловсруулах, үр нөлөөний дүн шинжилгээ хийх, хоёрдугаарт батлагдсан хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, хууль сурталчлах зэрэг асуудлуудад дүн шинжилгээ өгөх мэргэжлийн байгууллага УИХ-ын дэргэд байх нь зөв байх.

-Нэр томьёоны хувьд татан буулгах гэдгээр явж байна уу?

-Үйл ажиллагааны чиг үүрэг нь хэвээрээ байна. Хууль тогтоомжийн тухай хуульд үүнийг заагаад өгчихсөн. Хэлний зөвлөл Хууль зүйн үндэсний хүрээлэнд багтдаг болсон. Хууль батлахад хэлний асуудал чухал байдаг. Мөн баталсан хуулиудад дүн шинжилгээ хийх зайлшгүй шаардлага гардаг.

Олон чиг үүрэг нь Хууль тогтоомжийн хуулиар УИХ-д ирчихсэн учраас үүнийг эрхэлдэг, зохион байгуулдаг хүрээлэн байх ёстой гэдэг утгаар асуудалд хандаж байгаа юм. Түүнээс нэг байгууллагыг татан буулгаад, чиг үүргийг өөрчлөөд өөр чиг үүрэгтэй болгох юм огт байхгүй. Гишүүдийн тоо нэмэгдэхээр өрөө, тасалгааны шаардлага үүснэ. Ийм зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгачхав уу гэдэг хардлага байна.

Ийм зүйл огт байхгүй. Дээр хэлсэнчлэн УИХ-аас батлагдаж буй хуулиудын чанарыг сайжруулах зорилгоор л энэ хүрээлэнг ХЗДХЯ-наас парламентад ирүүлж байгаа явдал. Харин энд ирснээрээ цаашид тогтвортой хууль эрх зүйн орчин сайжрахад нөлөөлөл үзүүлэх байх.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version