УИХFocus

“Охидын ариун цэврийн өрөө дотроосоо түгжих боломжгүй зэрэг зөрчил түгээмэл байна”

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Батлут, Г.Дамдинням нар багц хуулиудын асуудлаар мэдээлэл өглөө. 

Мөн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улс дахь Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан 22 дахь илтгэлийг өнгөрсөн долоо хоногт чуулганаар танилцсантай холбоотойгоор гарсан дүгнэлтийг танилцууллаа. 

Тэрээр “Монгол Улсад халдашгүй, чөлөөтэй байх, хүүхдийн болон ахмад настны эрх ямар байгаа талаарх дүгнэлт гарсан. Мөн тулгамдаж буй асуудлын нэг нь төрийн алба хаагчдын эрхийн зөрчил юм. Тусгай нөхцөлд ажиллаж буй алба хаагчдын тэтгэмж зэргийг олгохгүй байгаа болон нийгмийн хамгааллын асуудлыг хөндсөн байгаа. 

Нийт долоон чиглэлээр дүгнээд үзэхэд, манай улсад халдашгүй байх эрх шүүхийн хэмжээнд болон хэрэг мөрдөн байцаах шатанд ихээр зөрчигдөж байна. Ялангуяа, шүүхийн тогтоолгүйгээр баривчлан хорьдог асуудалд одоо үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтуудад өөрчлөлт орсон. 

Гэмт хэргийн нотлох баримтыг устгаж болзошгүй, оргон зайлах магадлалтай зэрэг заалтаар шүүхийн тогтоолгүй баривчилж байгаа нь Үндсэн хуульд заасан халдашгүй байх эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Тиймээс ХЭҮК-оос зарим заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзсэн. Прокурорын зүгээс хоригдсон иргэний эрхийг сэргээх, сэжигтэнд тооцогдож байгаа иргэн богино хугацаанд ялаа тогтоолгох зэргийг тусгасан. 

Мөн төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хувьд төрийн хэмнэлтийн хуулиар төсвийг хэмнэсэн нь цалин хөлс доогуур байх, ажиллах нөхцөл байдал хангагдахгүй, төрийн алба хаагчид чиг үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учрах зэрэг зөрчлүүдийг үүсгэж байна. Түүнчлэн төрийн үйлчилгээний салбарт ажиллаж буй иргэдийн цалин хөлс бага байна. Мөн захиргааны болон удирдлагын дарамт байна гэх дүгэлт гарсан. 

Эдгээрээс гадна ахмад настны хөгжлийн төв хангалтгүй, эрүүл мэндийн үйлчилгээ авах хүртээмж хангалтгүй байна. Мөн сурагчдын дотуур байранд гарч буй зөрчлүүд их байна. Дурын нэгэн өрөөнд нь нэвтрэх боломжтой, камержуулсан, охидын ариун цэврийн өрөө дотроосоо түгжих боломжгүй, чанарын шаардлага хангаагүй орчинд хүүхдүүдийг амьдруулж байгаа явдал орон нутагт түгээмэл болсон” гэв. .

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version