Хариуцлагатай иргэн баялаг бүтээдэг
Хүн бүхэн байгаль хамгаалагч. Үүнийг уншиж байгаа та ч гэсэн “Байгалийг хамгаалах” хамгийн том хүч. Тэгвэл та энэ ТОМ ХҮЧЭЭ ашиглаж чадаж байгаа юу…
Голд машинаа угааж байгаа иргэнд шаардлага тавих, гудамжинд хог, угаадсаа асгаж зогсоо нэгнийг буруушаах, шар өвсөө шатаах гээд зогсож байгаа хүнд гарч болох хор уршгийг тайлбарлах, хууль бусаар ой модоо тайраад зогсох этгээдийг цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэх мэт энгийн зүйлээс таны байгалиа хамгаалах үйл эхэлнэ.
Байгаль орчноо хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн нэгт заасны дагуу иргэн бүр байгаль орчноо хамгаалах тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон байгаль орчинд хор хөнөөл учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах эрхтэй. Тэгвэл энэ эрхээ эдэлж, ХЭН НЭГЭН БУРУУ ЗҮЙЛ ХИЙХИЙГ харсан бол даруй зогсоохыг шаардаарай, албан ёсны байгууллагад мэдээллээрэй.
Хэн нэгэн таны гэр болсон “эх орны” тань хүрээлэн байгаа орчны ширхэг чулуунд зөвшөөрөлгүй хүрэх, байгаль орчиндоо хариуцлагагүй хандах, эрх мэдлээ хэтрүүлэн эдэлсэн нь танд харагдаж л байвал та хамгийн түрүүнд “МЭДЭЭЛЭГЧ” байгаарай.
Ганцхан жишээ дурдахад хог, хаягдлаа санаатай болон санаандгүйгээр хаях тохиолдол их гардаг. Гэтэл урт хугацаанд задардаггүй, устаж үгүй болдоггүй хог хаягдал нь олон төрлийн өвчин үүсгэх нян, химийн хорт бодис агуулсан байдаг тул хөрс, цаашлаад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, химийн хорт хий ялгаруулан хөрс, ус, агаарыг бохирдуулсаар байдаг.
Дэлхийн нэг өдрийн хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг байна. Гялгар уут газрын хөрсөнд шингэхийн тулд 200-1000 жил болдог бол кофены хуванцар аяга 50-300 жил, хоолны хуванцар сав 200-500 жил болж байж устдаг байна. Тиймээс Австрали, Хятад, Австри, Бангладеш, Ирланд, Европын орнууд гялгар уутны хэрэглээг хязгаарлаж, хоолны савыг цаасан уутаар орлуулах болсон юм. Түүнчлэн кардон цаас байгальд шингэхдээ гурван сар, чихрийн цаас таван жил, тамхи 10 жил, лааз 200 жил, памперс 450 жил, шил, хуванцар сав 1000 жил болон түүнээс дээш жилийг зарцуулдаг байна. Тиймээс бид хог хаягдлаа ангилж, дахин боловсруулах шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцлагатай иргэн баялаг бүтээдэг. Та дэлхий ертөнцийг ямараар харахыг хүсч байна түүнийгээ л хийдэг хүн нь байгаарай.