Байгаль орчинОнцлох

Байгалиа хайрлаж, хамгаалах ариун үйлсэд хувь нэмрээ оруулах нь иргэн бидний журамт үүрэг

Дэлхийн байгаль хамгаалах сангаас хийсэн судалгаагаар хүн төрөлхтөн байгаль, дэлхийтэй энэ янзаар харьцсаар байвал 2030 он гэхэд амьдралын чанар муудна гэсэн судалгааг гаргасан байна. ЭНЭ ЯНЗААР…

Хүн төрөлхтөн бид байгаль дэлхийгээ бохирдуулж, ой модоо тайрч, усаа булингартуулан, аж үйлдвэрийг хөгжүүлэх нэртэйгээр агаар, хөрсний бохирдлыг ихээр үүсгэж, зарим тохиолдолд байгалиа нөхөн сэргээх аргагүй болтол нь сүйтгэж байна.

Тэгвэл байгаль орчныг сүйтгэхэд буруутай гэдгээ аль хэдийн хүлээн зөвшөөрсөн зарим орнууд ойжуулалт, булан, гол мөрний усыг цэвэрлэх, нөхөн сэргээх, хог хаягдлыг сонгон цуглуулах, үйлдвэрийнхээ яндан дахь шүүлтүүр, бохир ус цэвэрлэх зэрэг урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна.

Харин Монгол Улс 2020 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын мөн оны А/09 дүгээр тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр “Экологийн цагдаагийн алба“-ыг байгуулсан юм.

Тус алба нь жил бүр байгалиа хамгаалах чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд үүний үр дүнд манай улсад үйлдэгдэж буй байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг тодорхой хувиар буурсан юм. Жишээлбэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 24.2 буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 2022 онд 155 бүртгэгдсэн нь өмнөх оноос 20 хэрэг буюу 11,4 хувиар буурчээ.

Энэ онд Экологийн цагдаагийн албанаас “ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” уриатай нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Хүн бүр байгалиа хайрлах сэтгэл, сэтгэлгээтэй байх, хамгаалахад хувь нэмрээ оруулах, үр хүүхдэдээ экологийн боловсрол, хүмүүжил олгох, үндэсний уламжлал, зан заншлыг сэргээх, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, хамгийн гол нь байгальд сөрөг нөлөөтэй жижиг ч гэлтгүй үйлдлийн хажуугаар дуугүй өнгөрч болохгүй, дуугарах ёстой гэдгийг иргэд, олон нийтэд ойлгуулах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг”, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан “Иргэн бүр байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил эзэмшиж хэрэглэх, үр хүүхдэдээ экологийн хүмүүжил олгох үүрэгтэй”-г болон “Сүйтгэгчийн хажуугаар дуугүй өнгөрч болохгүй, ДУУГАР” гэсэн үйлдлийг иргэд, олон нийтэд уриалж байна.

Та өөрийгөө байгаль хамгаалах их үйлсэд юу ч хийж чадахгүй гэж эндүүрч байж болох юм. Тэгвэл бид байгаль орчноо хамгаалах энгийн аргуудыг хүргэж байна. Үүнд:

  • Мод тарих
  • Шүдээ угаахдаа усаа хэмнэх
  • Аялаж зугаалах үедээ буудалласан газраа цэвэрлэх
  • Хавар, намрын хуурай улиралд ил гал гаргахдаа болгоомжтой байх
  • Үр хүүхдүүддээ байгаль хамгаалах энгийн аргыг зааж, зуршил болгох
  • Түр хугацаанд зогсохдоо машиныхаа хөдөлгүүрийг унтраах
  • Угаадсаа гудамжинд асгахгүй байх
  • Машины тосыг хөрсөнд шингээхгүй хаях
  • Ховор амьтны арьсаар хийсэн хувцас өмсөхгүй байх
  • Шүршүүрт хурдан орох
  • Гэрэл болон зурагтаа хэрэглээгүй үедээ  унтраах
  • Хөдөө явахдаа салаа зам гаргахаас зайлсхийх зэрэг энэ мэт олон жижиг үйлдэл таныг байгалиа хамгаалах том ажилд хувь нэмрээ оруулдагийг санах хэрэгтэй.

Байгалиа хайрлаж, хамгаалах ариун үйлсэд хувь нэмрээ оруулах нь иргэн бидний журамт үүрэг юм шүү.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version