Олон улсын хөдөлмөрийн байгууллагын шийдвэрээр 2003 оноос эхлэн жил бүрийн 4 сарын 28-ныг ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Энэ хүрээнд Автотээврийн үндэсний төвөөс нэн түрүүнд тээврийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэх, сайн туршлагагүй нэвтрүүлэн солилцох, ажлын байран дахь осол гэмтлийг бууруулах, аюулгүй ажиллагааг хэвшүүлэх, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Автотээврийн төвд өдөрлөг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ЗЦГ-ын Зам тээврийн хяналтын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа М. Ариунболд “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношилгоог чанаржуулах” сэдвээр гүйцэтгэлийг сайжруулах асуудал, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Энхтайван “Хөдөлгөөн ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн нөхцөл байдал” сэдвээр цаашид анхаарах асуудал, МУИС-ийн сэтгэгдэл судлаач, докторант багш Ц.Нямхүү АТҮТ-өөс МУИС-тай хамтран “Жолоочийн сэтгэл зүй” чиглэлээр хийсэн судалгааны ажлын талаар танилцуулга, Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн чанарын ахлах мэргэжилтэн А.Батчулуун “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын удирдлага зохион байгуулалтын тогтолцоо зааврыг хэрэглэх шаардлага MNS ISO 39001:2014 стандарт” сэдвээр, Судалгаа, хөгжил, Чанарын удирдлагын төвийн судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Оюунсүрэн АТҮТ-өөс үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа “Зөв хөтөлбөр”-ийн талаар тус тус танилцуулга хийж санал солилцлоо.
Өдөрлөгт зорчигч тээврийн төвүүд, Дархан, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Төв аймгийн автотээврийн салбарууд хот хоорондын зорчигч тээврийн болон авто үйлчилгээ эрхлэгч байгууллага, Дархан-Уул аймгийн онцгой байдлын газар оролцов.
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА АМЬДРАЛЫН БАТАЛГАА