“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Соёлын төв өргөөнд нээлттэй боллоо.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн албан ёсны цахим хуудас Erdenes Tavantolgoi JSC / Эрдэнэс Тавантолгой ХК хуудсаар шууд дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ил тод нээлттэй зохион байгууллаа. Хуралд тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, саналын эрх бүхий төлөөлөгч болон компанийн удирдлагууд оролцов.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ноогдол ашиг хуваарилах эсэх асуудал мөн компанийн дүрэмд оруулах өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг зардлыг бууруулж, компанийн хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авсны үндсэн дээр Онцгой дэглэмийн хугацаа дууссаны дараа иргэдэд ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг авч үзэхээр шийдвэрлэсэн ТУЗ-ийн шийдвэрийг Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулав.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд иргэд, хувьцаа эзэмшигчид нээлттэй оролцож ноогдол ашиг болон компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулахтай холбоотой байр сууриа илэрхийлж, асуулт асууж хариулт авлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 11,5 сая тонн нүүрс борлуулж 1,1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж улсын төсөвт 1,033.8 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн байна.
Тайлангийн хугацаанд компанид Засгийн газраас онцгой дэглэм тогтоосноор засаглал, санхүүгийн сахилга бат сайжирч, нүүрс ачих, экспортлох, тээвэрлэх, хил нэвтрүүлэх үйл явц сайжирсныг компанийн ТУЗ-өөс онцлон тэмдэглэлээ.