“Хөвсгөл-Эрчим” клуб ААШТ-д Хонг Конгийн аварга “Hip Hing” багийг 3:1-ээр хожлоо
Волейболын эмэгтэй клубуудын Азийн АШТ-д өрсөлдөж буй Дээд лигийн аварга “Хөвсгөл-Эрчим” баг хэсгийн гурав дахь тоглолтоо /2023.04.27/ Хонг Конгийн цомын аварга “Hip Hing” багтай хийлээ. Тоглолтын эхний үед Хонг Конгийн аваргууд 25:22-оор хожсон ч, дараагийн үеүдэд 9:25, 20:25, 17:25-аар нэхэн хожсоноор “Хөвсгөл-Эрчим” Азийн АШТ-ий эхний хожлоо байгуулав.
Энэхүү тэмцээнд “Хөвсгөл-Эрчим” клубыг төлөөлөн Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тоглож байгаа юм. “Хөвсгөл-Эрчим” баг үүнээс өмнө Хятадын Супер лигийн дөрөвдүгээр байрт шалгараад буй “Ляонин Дунхуа” болон Казахстаны лигийн аварга “Алтай” багуудтай тоглож, хожигдоод байсан билээ.
Тэд дараагийн тоглолтоо өнөөдөр 13:30-аас Тайландын лигийн аварга “Diamond Food” багтай хийх хуваарьтай байна.