World

Украин дахь Кремлийн суртал ухуулагч, нууцлаг Александр Малькевич

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага “Малькевичийн суртал ухуулгын аппарат, Украин дахь “Вагнер” сүлжээ” нэртэй тайланд Евгений Пригожинтой холбогддог энэ бизнес эрхлэгч хэрхэн асар богино хугацаанд Украины өмнөд хэсэгт суртал ухуулгын сүлжээ бий болгосон талаар мэдээлжээ. 

Нэг жилийн өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Оросын “тусгай ажиллагаа”-ны хоёр дахь үе шат албан ёсоор эхэлсэн. Тус ажиллагаа нь “Донбас болон Украины өмнөд хэсэгт бүрэн хяналт тогтоох” зорилготой байв. Энэхүү зорилгоо биелүүлэх үүднээс 2022 оны зургаагаас наймдугаар сарын хооронд дайнд нэрвэгдсэн Украины хэд хэдэн хотод Оросыг дэмжигч телевиз, радио станцууд гэнэт ажиллаж эхлэв. Түүнчлэн шинэ “сэтгүүлчдийг” элсүүлэх “сэтгүүл зүйн сургууль” нээгджээ. Украины өмнөд хэсэг Оросуудад эзлэгдсэний дараахан Кремлийн яриа хөөрөөг нэмэгдүүлэх, Украины өнгөрсөн үеийг мартуулахад чиглэсэн суртал ухуулгад автсан байна.

RSF-ийн Зүүн Европ, Төв Ази хариуцсан товчооны дарга Жан Кавалье: “Мэдээлэл Орос улсад өрнөж буй холимог дайны гол хүчин зүйл болж байна. Бид Малькевичийн явуулж буй үйл ажиллагааны талаар эрэн сурвалжилга хийснээр Украины өмнөд хэсгийн эзлэгдсэн бүс нутагт Оросын суртал ухуулгын аппарат хэрхэн ажиллаж буйг илрүүлсэн. Кремлийн бүрдүүлсэн хуурамч мэдээллийн орчныг давхар нотлох зохион байгуулалттай энэ үйлдэл суртал ухуулгын эсрэг, найдвартай мэдээлэлтэй байх эрхийн төлөө нэн даруй тэмцэх шаардлагатайг илтгэж байна” гэв.

RSF нь тун шаргуу Малькевичийн үндэслэсэн эрчимтэй тогтолцоог нарийвчлан харуулсан юм. Хувийн зэвсэгт хүчний “Вагнер” компанийн захирал Пригожины ойр дотны хүн бөгөөд энэ харилцаанаас болж АНУ-ын хориг арга хэмжээнд орсон Малькевичд их хэмжээний нөөц бий. Эрэн сурвалжилгын үр дүнд түүнийг өөрийн төрөлх Санкт-Петербург хотоос олноор орж ирсэн ажиллах хүчний зэрэгцээ Украины эзлэгдсэн Донбас дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулсныг олж тогтоосон.

RSF-ийн олж авсан гар утасны хувь зурвасаас харахад ажиллах хүч хариуцсан ажилтан Оросын сэтгүүлчийг Малькевичийн өмнөөс “ерөнхийлөгчийн аппарат болон Пригожиний хүмүүсийн ивээл дор” ажиллах санал тавьсан байв. Ажлын санал тавьсан этгээд тухайн сэтгүүлчийг цалингийнхаа хэмжээг өөрөө тогтоож, хамтрах багаа авчрахыг урьсан байна. 

Эзлэгдсэн нутаг дэвсгэрт ажиллаж буй бидний эх сурвалжуудын баталснаар Малькевичийг хүрч ирэхтэй зэрэгцэн орон нутгийн өргөн нэвтрүүлгийн суртал ухуулга явуулдаг хэд хэдэн суваг үйл ажиллагаагаа эхэлсэн байна. 

Малькевич “чөлөөт цагаараа” сайн дурын үндсэн дээр, хараат бусаар энэ ажлаа хийдэг хэмээн RSF-д учирлав. Гэвч хийж буй үйл ажиллагаа, үүсгэн байгуулсан сүлжээнээс нь харахад түүний зөвлөгч “Вагнер” группын тэргүүн Пригожиний нөлөө улам бүр нэмэгдэж байгааг илтгэнэ. Хувийн зэвсэгт хүчин, троллын баг, цахим хэвлэл мэдээллийн бүлэглэлийн ардаас Украины Мариуполь, Херсон, Мелитополь дахь өргөн нэвтрүүлэгт тавьсан хяналт нь Кремлийн өмнөөс “Путины тогооч”-ийн барууны эсрэг өрнүүлж буй дайны шинэ үе эхэлснийг харуулж байна. 

Эх сурвалж: “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version