“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой дэглэм тогтоосноос хойших зургаан сарын тайланг танилцууллаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдөр тус компанид зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ)-өөр сонгосон.
Тэрбээр энэ хугацаанд хийсэн ажлынхаа талаар дараах мэдээллийг өгөв. Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Ганбат “Зургаан сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрсийг борлууллаа. Үүнээс аравдугаар сарын 26-наас хойш 800 сая ам.долларыг бэлнээр оруулж ирсэн.
Урьдчилж авчхаад дараа нь нүүрсээр төлбөр хийх 270 сая, төмөр замтай холбоотой офтэйк гэрээнд 200 орчим сая ам.долларын өр төлбөрийг гүйцэтгэв.
2023 оны нэгдүгээр улиралд 440 гаруй сая ам.доллар оруулж ирсэн. Үүнд 795 сая ам.долларын үнэлгээтэй 7.5 сая тонн нүүрс экспортолсон. Энэ онд нийт 23 сая тонн нүүрс борлуулна хэмээн ТУЗ-өөр батлагдаад байна. “Эрдэнэс Тавантолгой” хэвийн хүчин чадлаараа ажиллахад сардаа 2-2.5 сая тонн нүүр экспортолдог
Уурхайн нөхцөл байдлын хувьд эрчим хүчний сул коксжих нүүрсний нөөц их байна. Тиймээс уурхайгаас гарч буй бүх бүтээгдэхүүнийг сорчлохгүйгээр зардаг болох хүрээнд хоёр удаагийн биржийн арилжаагаар 220 мянган тонн нүүрсийг тонн тутмыг нь 70 гаруй ам.доллароор зарлаа.
Нүүрс угаах үйлдвэр 2024 оны долоодугаар сард ашиглалтад орно. Жилдээ 10 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай. Одоо зарж байгаа нэг тонн нүүрсэн дээр 60-80 ам.долларын нэмэлт орлого олох боломж бүрдэнэ.
Тооцоолж үзэхэд баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэхэд 20 мянган төгрөг болно. Үүнийг конверын системд нэвтрүүлбэл 3,400 төгрөгөөр хямдарна.
Онцгой дэглэм тогтоохоос өмнө хилээр өдөрт хүнд даацын 200-300 автомашин нүүрс тээвэрлэдэг байсан. Одоо бол дунджаар хүнд даацын 800 гаруй автомашин нүүрс тээвэрлэж байна. Монгол Улсад нүүрс тээвэрлэх зориулалттай хүнд даацын 24,000 автомашин байгаа. Үүнээс 4,000-5,000 нь манайд ашиглагдах боломжтой. Хоёрдугаар улиралд хилээр гарах “С” зөвшөөрлийг 4,680 автомашинд олгосон.
Онцгой дэглэм тогтоох үед нүүрс тээвэрлэх 178 гэрээний 133 нь ам нөхцөлтэй байсан бөгөөд хугацаа нь дуусаагүй 87 гэрээг бирж рүү шилжүүлсэн.
Урт хугацааны өр төлбөрийн тухайд, 2022 онд мөнгийг нь урьдчилаад авчихсан 603 сая ам.доллароос 585 сая ам.долларын үлдэгдэл байсан. Энэ бол дараа нь нүүрс өгөх өр төлбөр гэсэн үг. Үүнийг яаралтай барагдуулна.
2019 онд авсан бондын 400 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрийг энэ сарын 7-нд өөрийнхөө борлуулалтын орлогоор дахин санхүүжүүлж төлсөн. Наймдугаар сард бондын хоёр дахь удаагийн өр төлбөр болох 100 гаруй тэрбум төгрөгийг төлнө. 280 гаруй сая ам.долларын өрийг яаралтайгаар нүүрсээр төлөх шаардлагатай.
Богино хэмжээний өр төлбөрийг тайлант хугацаандаа төлж барагдуулна. Нэгдүгээр улиралд зарсан 7.5 сая тонн нүүрснээс нэг их наяд төгрөгийн татвар төлнө. Бидний төлөвлөж байснаас 500 гаруй тэрбум төгрөгийг илүү төлнө гэсэн үг.
Өмнө нь энэ компанид ажил гүйцэтгэсний төлбөрийг нүүрсээр барагдуулдаг байсныг зогсоосон. Одоогоор мөнгөөр нь төлж байгаа. Нэгдүгээр улиралд хөрс хуулалт, олборлолтын ажил хийснийг дараа улиралд өгнө. Үүнийг богино хугацаанд өр төлбөр гэж байгаа юм” хэмээн ярилаа.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Ж.Ганбатыг дахин зургаан сар БЭТ-өөр ажиллуулах шийдвэр гарсан юм. Энэ хугацаанд олон улсын мэргэжлийн аудитын байгууллагаар компанийн бүх үйл ажиллагаанд аудит хийлгэх, цаашлаад олон улсын менежмент хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах үүрэг даалгавар өгчээ.