ХАА-н салбар

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр санамж бичиг байгууллаа

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг урт хугацаанд хангах, импортыг орлох, экспортыг дэмжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх, нөгөө талаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төвтэй Ази тивийн сүүний түншлэлийг бэхжүүлж, тогтвортой хөгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн,  Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар нар байгуулав. 

Санамж бичиг байгуулснаар дараах чиглэлээр хамтран ажиллах юм. 

  • Монгол Улсын сүүний салбарын оролцогч талуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Ази тивийн сүүний түншлэлийн мэдлэг мэдээлэл, туршлага солилцох цуврал арга хэмжээнд тогтмол хамруулах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах. 
  • Монгол Улсын сүүний салбарт төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, олон улсын түнш байгууллагуудын идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлэх. 
  • Монгол Улсын сүүний нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн нөөцийг эргэлтэд оруулах, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сүүний салбарыг олон улсад сурталчлан таниулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллах. 
  • Монгол Улсын сүүний салбарт хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг хамтран байгуулах, судалгаанд суурилсан бодлого боловсруулах, технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эргэлтэд оруулах нөхцөл, боломжийг судалж хамтран ажиллах.   
  • Монгол Улсын идэвхтэй хамтын ажиллагаатай зүүн хойд Ази, Төв Ази, Баруун Ази, Ойрхи Дорнодын зорилтот улсуудыг Ази тивийн сүүний түншлэлд гишүүнээр элсүүлэх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх.
  • Ази тивийн сүүний түншлэлийн хүрээнд дэвшүүлсэн “Дэлхийн сарлагийн холбоо” болон “Хос бөхт тэмээний олон улсын холбоо”-г Монгол Улсад байгуулах, “Дэлхийн сарлагийн өдөр” бий болгох санаачилгыг дэмжиж хамтран ажиллах. 
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих стратегийн хүрээнд “Дэлхийн сүүний өдөр” (6 дугаар сарын 01)  болон “Дэлхийн сурагчийн сүүний өдөр” (9 дүгээр сарын сүүлийн Лхагва гараг)-ийг үр бүтээлтэй хамтран тэмдэглэж өнгөрүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн оролцоог хангах. 
  • “Дэлхийн сүүний өдөр”-ийг угтаж жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийг “Ази тивийн сүүний 7 хоног” болгон тэмдэглэх Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын санаачилгыг дэмжиж, сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэхийн ач холбогдлыг сурталчлан таниулах ажлыг хамтран зохион байгуулах. 
  • Азийн хөгжлийн банкны Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа /КАРЕК/ санаачилга болон бусад гадаад улс, олон улсын байгууллагын хүрээнд сүүний салбарын хамтын ажиллагааг өрнүүлэх чиглэлд хамтарсан олон талт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх. 
  • Монгол Улсад сургуулийн “Хүүхдийн сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг хамтран судалж, санал боловсруулах. 
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version