Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран (2023.04.12) “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлгийг “Блью Скай” зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мург, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич нар нээж үг хэлнэ.
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт сүүлийн 10 жилд”, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад ТХЗ-тай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн ерөнхий зөвлөх С.Сүхдэлгэр “Үр дүнд суурилсан төсөвлөлтийг нэвтрүүлэх нь” сэдвийн дор илтгэл тавина.
Хэлэлцүүлгийн үеэр хууль санаачлагчид Төсвийн шинэчлэлийн хууль, тогтоолын төслийг танилцуулах юм. Хэлэлцүүлэгт санхүү, эдийн засгийн чиглэлийн Их, дээд сургуулиудын удирдлага, мөн гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.