УИХЭдийн засагОнцлох

Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд зөвлөмж өглөө

Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзалт хийж тус компанийн одоогийн үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Уулзалтад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг төлөөлж  Гүйцэтгэх захирал Г.Дугаржав, Захиргааны удирдлагын газрын дарга Г.Ганболд, Уул уурхай, үйлдвэрлэлийн газрын дарга Н.Батбаяр, Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Энхзориг, Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга Ч.Уранчимэг, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн дарга Д.Энхцэцэг, Үйлдвэрчний хороон дарга Б.Сувдгэрэл, зарим ажилчдын төлөөлөл оролцлоо.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг Гүйцэтгэх захирал Г.Дугаржав одоогийн үйл ажиллагааны талаар танилцуулгадаа, “Концессын гэрээг цуцалж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр буцаан авахад буюу 2022 оны 4-р сард Гангийн үйлдвэр бүрэн зогссон, хаягдал төмрийн нөөцгүй болсон байсан. Техникийн эвдрэл, засвар үйлчилгээ, хаягдал төмрийн нөөц бүрдүүлэлт гээд нэлээд ажилласны хүчинд өнгөрсөн оны сүүлээс эхлэн бид ямартай ч Гангийн үйлдвэрийн төлөвлөгөө нормоо 100 хувьдаа хүргэж тасралтгүй  үйл ажиллагаагаа явуулж чаддаг болсон.

Уулын ажлын технологио жигдрүүлсэн. Энэ жил бид 33 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 392 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн. Өмнөх оныхоос 64%-иар орлогын хэмжээгээ нэмэгдүүлж болохоор харагдаж байгаа.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын дунджаас харьцангуй бага түвшинд байгаа цалингаа үе шаттайгаар нэмэгдүүлж дундаж түвшинд аваачих бодлого барьж  төр авснаас хойш буюу өнгөрсөн нэг жилийн хугацаанд  38 хувиар нэмэгдүүлсэн.

Жилийн үр дүнгийн нэмэгдэл 13 дахь сарын цалингаа бүх ажилтнууддаа олгосон. Гангийн үйлдвэрлэл 1-р улиралд төлөвлөгөө нормоо 102,7 хувьтай биелүүллээ. Бид энэ жил гангийн үйлдвэрлэлээ 37%-иар нэмэгдүүлж байна. Уурхай, хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа харьцангуй тогтворжиж их хэмжээний өртэй байдлаас ашигтай ажиллаж эхэлсэн төлөв рүү шилжсэн.

Засгийн газрын 362-р тогтоолын хэрэгжилтийн биелэлт Валютын нөөц бүрдүүлсэн байдлаараа энэ жил бид Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгойн араас буюу 3-рт явж байна. Монгол ган цогцолбор I” төслийнхөө ТЭЗҮ-г УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж төсөл хэрэгжих талбай газрын асуудлаа шийдүүлж 77,7 га газраа шилжүүлэн авсан.

Мөн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр 800 айлын орон сууцны “Монгол ган хотхон”-ыг зах зээлийн үнээс хямд үнээр урьдчилгаа төлбөрийн нэн таатай нөхцлөөр авах боломжийг бүрдүүлж өгч байгаа талаараа мэдээлж энэ ажилд бүх талаар дэмжлэг үзүүлж ажилласан Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүдэд талархал илэрхийллээ.

Мөн тэрээр компанийн үйл ажиллагаанд тулгамдаад байгаа экспортын тээврийг нэмэгдүүлэх, сул зогсолтод байгаа ажилтнуудын нөхөн олговрын хувь хэмжээг хэрхэн шийдвэрлэх талаар компанийн зүгээс хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн АБГББХ-ны дарга Б.Баттөмөр, Үйл ажиллагааныхаа талаар Дарханы иргэдэд мэдээлэл өгөх шаардлагатай байна. Концесс хэрэгжүүлэгч QSC компани улсыг хэрхэн хохироосон, Япон улсын барьж байгуулж өгсөн үе үеийн Дарханчуудын бахархал, амь амьжиргаа нь болсон Төмөрлөгийн үйлдвэрт ямар хулгай нүүрлэсэн, яаж төрийн өмчийг тонон дээрэмдэж, луйвар хийж байсныг олон нийтэд мэдээлж одоогийн үйл ажиллагаагаа илүү ил тод нээлттэй, иргэдийн хяналттайгаар явуулах ёстой гэв.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Тойргоос сонгогдсон гишүүний хувиар бүх ажилчдыг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамрагдуулахаар Эрдэнэт медикал эмнэлэгтэй тохиролцсон үйл ажиллагаа нь одоо явагдаж байгаа эсэхийг тодруулж, бүх ажилчдаа хамруулж эрүүл мэндэд нь онцгой анхаарах ёстойг хэллээ.

Мөн Дархан-Уул аймгийн хамгийн том ажил олгогч, орон нутгийн төсвийн тодорхой хувийг  бүрдүүлдэг компанийн  хувьд үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлж, Дарханы иргэдийг цалин орлоготой байлгахад анхаарч, Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээсэн “Монгол ган цогцолбор I” төслөө бодит ажил болгох үүргээ биелүүлж ажиллах ёстойг хэлж, үүнд байнга хяналт тавьж шахаж шаардах болно гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Уурхайн ажлын төлөвлөгөө, эдийн засгийн үр ашигтай ажиллах төлөвлөлтөө дахин дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй байна. Экспортын тээвэрлэлтээ яаж нэмэгдүүлэх стратегитэй байгаа чинь их чухал байна. Уулын олборлолтын илүүдэл бол цэвэр ковидын нөхцөл байдлаас шалтгаалсан зүйл. Үүнтэй холбоотой сул зогсолт гарч байгаа учраас давагдашгүй энэ нөхцөл байдлаа ажилчдад аль болох хүндрэл багатай даван туулахыг хичээх ёстой.

Цалин хөлсний нэмэгдэл тань сул зогсолтод байгаа ажилчдад бодит болж очиж чадах эсэхийг  маш сайн бодолцоорой. Гол асуудал бол экспортын тээврээ нэмэгдүүлж төмрийн хүдрийн баяжмалын хуримтлагдсан нөөцөө экспортлох юм гэлээ. УИХ-ын гишүүд Үйлдвэрчний хороо болон ажилчдын төлөөлөлтэй  үйл ажиллагаа, нийгмийн асуудлын талаар харилцан ярилцаж мэдээлэл солилцсоноор уулзалт өндөрлөлөө.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version