Өвөрхангай аймгийн ЭМ-ийн салбарынхантай уулзав
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тэргүүтэй ЭМЯ, харьяа газрын удирдлагын баг энэ сарын 8, 9-нд Өвөрхангай аймагт ажиллалаа. Сум, багийн эмч нарт зориулсан сургалт хэлэлцүүлэгт оролцож, тус аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцсан төдийгүй аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсадтай Өвөрхангай аймгийн Хөгжимт жүжгийн театрт уулзалт хийлээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Засаг дарга А.Ишдорж нар оролцож эрүүл мэндийн салбарынхны үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн хэрэгжилт, тулгамдсан асуудлуудынх нь талаар сонсож санал бодлоо солилцсон.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварын цар тахлыг улс орноорооо хохирол багатай даван туулахад амь нас, эрүүл мэндээ үл хайрлан иргэдийнхээ төлөө зүтгэсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогоо танилцууллаа.
Тэрбээр эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйг боловсронгуй болгох чиглэлд анхаарч эхний ээлжинд хэд хэдэн хуулийн төслийг боловсруулан УИХ-ын хаврын чуулганаар оруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ хуулийг боловсруулахдаа салбарын ажилтнуудын саналыг тусгахыг чухалчилж буй бөгөөд саяхан болж өнгөрсөн “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан “Эмч нараа сонсъё” аяныг зохион байгуулж эрүүл мэндийн салбарын 1000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй уулзаж санал бодлыг нь сонссон.
Салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах залйшгүй шаардлага байгаа. 2012 оноос хойш суурь хуулиудынхаа 60-аас илүү хувьд нэмэлт өөрчлөлт оруулсан нь энэхүү шаардлагыг бий болгож байгаа бөгөөд энэ хүрээнд хэд хэдэн хуулийн төслийг шинээр боловсруулж, тодорхой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм. Нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад онцгой анхаарал хандуулах замаар олон улсын жишгээс урвуу болсон тогтолцоог засах шаардлага байгаа.
Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрсөн хөрөнгөөс эх орондоо эмчилж оношилж чадахгүй байгаа өвчнийг эмчлэх аргыг нэвтрүүлэх, нутагшуулахад тодорхой хэмжээгээр зарцуулдаг байх боломжийг бүрдүүлнэ.
Эрүүл мэндийн тухай хуульд 25-аас дээш жил ажилласан бол тэтгэварт гарахдаа төрөөс нэг удаагийн тэтгэмж авах тухай заалтыг Төрийн албаны тухай хуулиар төр ажилласан жилтэй дүйцсэн сараар тооцсон тэтгэмжийг авдаг байхаар өөрчлөх шаардлага байгаа.
Эрүүл мэндийн салбарын хувьд тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал харьцангуй гайгүй хэрнээ иргэнд үйлчилгээ үзүүлэх тал дээр харилцаа хандлагын зөрчил үүсч иргэдийг бухимдуулдаг зүйл олон гарч байгаа. Тиймээс эмнэлэг бол үйлчилгээний байгууллага гэдэг утгаар хандаж үйлчилгээний соёлыг хэвшүүлсэн үйлчилгээний стандарттай болох ёстой хэмээн үзэж стандарт боловсруулах ажлыг хийгээд дуусч байна.
Иргэний эрүүл мэндийн боловсрол бидний анхаарах том сэдэв. Тэр утгаар нь иргэдэд эрүүл мэндинй боловсрол олгох тусгайлсан цагтай болох зорилгоор МҮОНРТ-тэй Санамж бичиг байгуулан долоо хоног бүр тодорхой өдөр, тогтсон цагт 20-30 минутын нэвтрүүлэг бэлтгэн явуулдаг байхаар бэлтгэл ажлыг хийж байна.
Эрүүл мэндийн салбарт хамгийн тулгамдсан асуудлын нэг нь цахим эрүүл мэнд. Салбарын хэмжээнд төлөвшөөгүй, бүрэн гүйцэд боловсроогүй, хүн төвтэй биш үйлчилгээ төвтэй хийгдсэн программ хангамж анхан шатны тусламж үйлчилгээний салбарт ачаалал илүү үүсгэж байгааг сум, өрхийн ЭМТ-ийнхөнтэй уулзах бүрт ярьж байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэж эмнэлэг бүр өөр өрийн программтай биш улсаараа нэг хэлээр ойлголцдог болох ёстой юм.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо сумдад төдийлөн үр ашигтай байж чадахгүй байгаа. Лавлагаа шатанд өвчлөөд байвал сайн, хэвтэн эмчлүүлбэл сайн, өндөр өртөгтэй шинжилгээнд хамруулбал сайн гэх тал руу явуулж байгааг ч анхаарахгүй орхиж болохгүй юм. Гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд ажиллагсдынхаа цалин хөлсийг нэмсэн, тоног төхөөрөмж, орчин нөхцөлөө сайжруулсан сайн жишээ байгаа ч өр төлбөртэй үлдсэн газар ч цөөн биш байна.
Эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлс, урамшуулал, ур чадварын нэмэгдэл зэрэг асуудлыг ул суурьтайгаар судлан бодитоор нэмэгдүүлэх, шалгуур үзүүлэлтийг оновчтой болгох шаардлага байгаа. Эрүүл мэндйин салбарт ур чадварын нэмэгдэл олгох зохицуулалт байхгүй. Зарим нь хуульд заагаагүй урамшуулал авдаг тохиолдол ч байна.
Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг авч буйн тоонд ХХБ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж эмч, эмнэлгйин ажилтнуудыг орон сууцны ипотекийн зээлд нэн тэргүүнд хамруулахаар болсныг нэрлэж болно. Мөн эрүүл мэндийн салбарт эрсдэлийн болон хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Салбарын хүний нөөцийн бодлогод онцгой анхаарал хандуулахаас аргагүй байна. Жилд 900 орчим шинэ эмч бэлтгэгдэн гарч байгаа ч тэдний 50-иас илүү хувь нь уламжлалтаар төгсдөг. Манай улс хүн амд ногдох эмчийн тоогоор дэлхийн жишигт байгаа ч нэг эмчид ногдох сувилагчийн тоо цөөн. Тиймээс сувилахуйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч тодорхой амлхмуудыг хийх хэрэгтэй байгааг ярьсан.
Мөн Арвайхээрт ажиллаж иргэдтэй уулзалт хийх үеэр эмч, эмнэлгийн ажилтнуудтай холбоотой санал иргэдээс олон гарч байгаад анхаарч ажиллах шаардлага байгааг Эрүүл мэндийн сайд онцлон сануулсан. Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөр болон олон улсын зээл тусламжаар хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ чамлахааргүй байсныг уг уулзалтын үеэр танилцуулж байв.
2021 онд 5.7 тэрбум, 2022 онд 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2023 онд 12.9 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд Гучин-Ус, Төгрөг суманд 15 ортой ЭМТ-ийн барилга, Хархорин суманд 100 ортой эмнэлэг шинээр ашиглалтад орж, Бат-Өлзий, Богд, Хужирт, Хайрхандулаан сумдын ЭМТ-ийн барилгын өргөтгөлийн ажлууд дуусах бөгөөд Арвайхээрт Зоонозын өвчин судлалын төв шинэ барилгынхаа нээлтийг хийлээ. Эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч 2021 онд 3.7 тэрбум, 2022 онд 877 сая төгрөгийг улсын төсөв, олон улсын зээл тусламжийн санхүүжилтээр шийдвэрлүүлсэн тухай УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд танилцуулсан.
Уулзалтад оролцогчид Эрүүл мэндийн сайдаас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад болон эмч ажиллагсдад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, ямар бодлого барьж ажилах талаар нь тодруулан асууж байсан бөгөөд хөдөө сумдын эмнэлгүүд туулах чадвар сайтай машинтай болох, зарим нэг оношлогооны багаж тоног төхөөрөмж хэрэгтэй байгаагаа хэлж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах гадаад дотоодын сургалтад хамруулахад анхаарах, эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангах, цалин, урамшуулалыг нэмэх, ур чадварын нэмэгдэл олгох тухай асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг саналыг тавьсан.
Бүсийн оношлогоо эмчилгээний төвд урлогийн болон хавдрын зарим мэс заслыг хийх боловсон хүчнээ бэлтгээд авчихсан утл шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаад өгвөл өөрийн аймгаас тогтохгүй Баянхонгор, Архангайн өвчтөнүүдийг авч хот руу явах урсгалыг зогсоох боломжтойг ярьж байлаа.
Уулзалтын төгсгөлд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, иргэдийн эрүүл мэндийн төлөө зүтгэж буй шилдгүүдэд Засгийн газрын шагнал “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, ЭМЯ-ны Жуух бичиг гардууллаа. Мөн сумдын ЭМТ-үүдэд зөөврийн болон суурин компьютер, аймгийн ЭМГ-т Шуурхай удирдлагын төвийн иж бүрэн техник хэрэгслийг хүлээлгэн өглөө.