Эдийн засагОнцлох

Гаалийн байгууллага төсөвт 1130.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Гаалийн байгууллагын 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, Гаалийн байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Гаалийн байгууллага 2023 оны нэгдүгээр улирлын ажлын тайлангаа хэлэлцлээ.

Эхний улиралд Гаалийн байгууллага нь төлөвлөгөөт ажил, Засгийн газраас өгсөн хугацаатай үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангахаас гадна нүүрсний гэх хэрэгтэй холбоотой ажлын хэсгүүдэд орж ажиллах, гаалийн шинэчлэлийн ажлын хүрээнд гаалийн байгууллагын бүтэц, орон тоо, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн.

Мөн гаалийн байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээг ил тод болгох, иргэн, аж ахуйн нэгжийг мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлж, худалдааг хөнгөвчлөх туршилтын ажлын хүрээнд зарим ажлыг эхлүүлэн, байгууллагын үйл ажиллагаанд эрсдэл тооцох, дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулж, Гаалийн төв лабораторийг албан ёсоор БНХАУ-д хүлээн зөвшөөрдөг итгэмжлэлийг хүлээн авсан зэрэг олон амжилтыг дурдаж болно.

Энэ жилийг Монгол Улсын Засгийн газраас “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Гаалийн байгууллагын 2023 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд Гаалийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх, зан үйлийн нөлөөллийн өөрчлөлтийг хийх, албан хаагчдын ажлын бүтээмжийг ил тод үнэлэх зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.

Гаалийн байгууллагаас хийгдсэн зарим ажлуудыг товч дурдвал: Монгол улсын 2023 оны төсвийн тухай хуулиар гаалийн байгууллага нь 2023 онд 5.37 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Үүнээс 2023 оны эхний 3 сард 1116.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс нийт 1130.9 тэрбум төгрөг оруулж 101.3 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 214.6 тэрбум төгрөгөөр буюу 23.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсын 2023 оны гадаад худалдааны дүнг танилцуулбал нийт импорт 1941.2 сая ам. доллар байгаа бол нийт экспортын дүн 3780.7 сая ам. доллар байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал тус тус өссөн үзүүлэлттэй байна. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний хувьд 13.9 сая тонн нүүрс, 368.9 мянган тонн зэсийн баяжмал, 1297.7 мянган тонн төмрийн хүдэр, 1163.9 мянган баррель түүхий нефтийг тус тус экспортолсон байна.

Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд Гэрээ бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлж, тус системээр 288 ААН-ийн 1600 гэрээ, 140 мянга гаруй мэдүүлгийг мэдүүлж, нүүр тулсан харилцааг багасгаж, ААН нь өөрсдөө бараагаа цахимаар мэдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Гаалийн хорио цээрийн хяналтын хүрээнд https://apqs.gaali.mn/ -аар дамжуулан нийт 100 гаруй импортын мэдэгдэл, 1880 гаруй экспортын гэрчилгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу ААН-үүдэд олгосон бол хорио цээрийн чиглэлээр 85 зөрчил илрүүлж тухай бүр шийдвэрлэн ажилласан.

Гаалийн байгууллагын хууль сахиулах ажлын хүрээнд тайлант хугацаанд нийт 447 зөрчлийг шалган шийдвэрлэж ажилласан бөгөөд УИХ-ын Хянан шалгах түр хороотой хамтран Гашуунсухайт дахь гаалийн газарт ажиллаж, ЦЕГ, АТГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох судалгаа, дүн мэдээг гаргаж ажилласан.

Гаалийн төв болон салбар лабораториуд нь нийт 8410 дээжид магадлан шинжилгээ хийж, 494 дүгнэлт гаргасан бол Сайншанд, Баян-Өлгий аймгийн гаалийн салбар лабораториудад нүүрс, нефтийн бүтээгдэхүүний шинжилгээг авах боломжийг нэвтрүүлсэн.

Цаашид гаалийн байгууллагын хувьд гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг цахимжуулах, гаалийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг шаардлагатай олон ажил, асуудлыг шийдвэрлэж, авлигал, хүнд сурталгүй, гаалийн харилцаанд оролцогчдод нээлттэй, ил тод шуурхай байгууллага болгохын төлөө зорин ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version