ГССҮТ-өөс “Эмч танаараа бахархъя” спорт өдөрлөг зохион байгууллаа
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан “Эмч танаараа бахархъя” талархлын арга хэмжээ, спорт өдөрлөг зохион байгууллаа.
Талархлын арга хэмжээг нээж ГССҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Э.Галбадрах “Гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, шинээр нэвтрүүлсэн арга технологи, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар, үйл ажиллагааны хөгжлөөр цаашид Азидаа тэргүүлэх хэмжээний төв болохын төлөө зорьж байгаа” тухайгаа онцолж, төвийн нийт эмч мэргэжилтнүүддээ баяр хүргэсэн юм.
Түүнчлэн тус арга хэмжээнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр, клиникийн профессор, Хүний гавьяат эмч Ө.Өлзийбаатар “Эмчийн түүхэн замнал”-аа дэлгэж, сэтгэлд дурсамжтай түүхэн үйл явдал дүүрэн он цагийн хэлхээсээр хамт олноо “аялуулсан” бол, тус тасгийн тэргүүлэх зэргийн их эмч, АУ-ны магистр Г.Бадамгарав “Эмчийн бахархал” бялхсан бахдам сайхан амжилтуудаа хуваалцаж, энхийн төлөө мөр зэрэгцэн зүтгэж яваа мэргэжил нэгтнүүддээ шүлгэн мэндчилгээ дэвшүүллээ.
Төвийн шинэ залуу эмч нараа төлөөлөн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Тэмүүжин “Ахмад эмч нараас сурсан сайн туршлага”-аа танилцуулсан бөгөөд удирдлагуудын зүгээс нийт илтгэл тавьсан болон харилцаа хандлага, идэвхи санаачлагаар хамт олноо манлайлж ажилласан шилдэг эмч нараа урамшуулж, харилцагч байгууллагуудын гарын бэлгийг гардуулж өгсөн юм.
Мөн энэ өдөр “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд өртөөчилсөн аялал бүхий спорт өдөрлөгийг зохион байгуулж, ГССҮТ-ийн эмч нар спортын олон төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс гадна орон орны бүжиг, урлагийн үзүүлбэрээр авьяас чадвараа гайхуулан шилдэг багуудаа шалгарууллаа.
Эрүүл агаарт идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж, амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд уриалан нэгдсэн эмч нар маань ийнхүү нэгэн өдрийг баяр талархал, дурсамж дүүрэн өнгөрүүлсэн байна.