Гадаад харилцааСурвалжлагаОнцлохФото сурвалжлага

Унгарын элчин сайдын яамнаас “Улаан өндөгний баяр” тэмдэглэлээ

Христийн шашинт орнуудад түгээмэл тэмдэглэгддэг баяруудын нэг нь Улаан өндөгний баяр. Унгарын Элчин сайдын яамнаас өнөөдөр Улаан өндөгний баярын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү баярт Унгарын элчин сайдын яамныхан, Үндэсний үйлдвэрлэгч ВИТАФИТ компаний төлөөлөл, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит Консул Ч.Гантулга, МУИС, ШУТИС, ДХИС, ОТИС-ийн удирдлагууд, Унгарт төгсөгчдийн төлөөлөл, SH хөтөлбөрт элсэгчдийн төлөөлөл оюутан залуус оролцлоо.

Баярын арга хэмжээг нээж Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Анна үг хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Улаан өндөгний баяр нь Христийн баяр бөгөөд маш олон уламжлал агуулагдаж байдаг хаврын баяр. Олон газарт ид шидийн хүчийг хоол хүнсээр бэлгэдэж, хоол хүнсийг ариусгах зан үйл хийдэг.

Залуучууд улаан өндөгний баярын даваа гарагт охид, бүсгүйчүүдийн гэрээр зочилдог. Таалагдсан бүсгүйдээ шүлэг уншиж өгөн, ус цацаж норгодог, Хариуд нь будаж чимэглэсэн өндөг бэлгэнд авдаг. Улаан өндөгний баярыг монгол түмний цагаан сарын баярын нэгэн адил жил болгон өөр өөр хугацаанд тэмдэглэдэг.

Энэ жил харьцангуй эрт болж байгаа бөгөөд 4 дүгээр сарын эхний долоо хоногт буюу энэ долоо хоногт болно. Баярын өмнөх долоо хоногийг ”Их долоо хоног’’ гэж нэрлэдэг нь болох гэж буй баярын бэлтгэлийг хангадагтай холбоотой.

Манай элчин сайдын яамнаас зохион байгуулж буй өнөөдрийн арга хэмжээ нь Унгарын уламжлалт соёл, ёс заншлыг танилцуулах зорилготой юм. Унгараас уригдан ирсэн зочид маань унгар ардын бүжиг зааж, хамтдаа бүжиглэнэ. Унгар бүжгийн хөдөлгөөн нь Юнескогийн оюуны болон соёлын өвийн нэг хэсэг.

Унгарчууд бид бүжгээрээ дамжуулан үндэсний хувцас, дуу хөгжим болон ёс заншлыг агуулсан өөрсдийн соёлын нилээд хэсгийг хадгалж үлдэж чадсан. Тал нутагт унгар малчдын бэлтгэдэг, Монголчуудын хамгийн сайн мэдэх бас дуртай хоол болох унгар гуляш шөлийг та бүхэнд амтлуулахаар бэлдээд байна.

Дашрамд дуулгахад, манай Элчин сайдын яамнаас монгол хэлнээ маш олон шүлэг нь орчуулагдсан Унгарын алдарт яруу найрагч Пэтөфи Шандорын мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэж байна. Тавдугаар сарын эхээр Унгарын киноны өдрүүдийг тэмдэглэнэ. Энэ үеэр бид Унгарын уран бүтээлчдийн бүтээсэн Унгар, Монголын харилцааны тухай кинонуудыг толилуулах болно.

Түүнчлэн энэ онд Унгар, Монгол, Англи, Австралийн уран бүтээлчдийн хамтран бүтээж буй “Баруунд гарах гарц 1242 он” уран сайхны киноны зурагт авалт дуусаж, ирэх жилийн нэгдүгээр сард Улаанбаатар хотноо нээлт нь хийгдэхээр төлөвлөсөн” гэв.

Тус баярт хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, оюутан залуус өндөг будаж, унгар бүжиг бүжиглэж, дуу дуулж, сэлфи зураг авахуулж, Унгараас тогоочийн бэлтгэсэн унгар хоол, амттангаар дайлуулж, Унгарын талаарх дурсамжаа ярилцаж, хамтдаа дуулж, бүжиглэн хамтдаа баяр хөөр дүүрэн өдрийг өнгөрүүлсэн юм.

1 / 8
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version