ӨмнөговьБайгаль орчинОнцлох

Өмнөговь аймаг дэд бүтцээс алслагдсан 100 өрхөд эко жорлон суурилуулна

Хөрсний бохирдлыг багасгах чиглэлээр “Жорлон” үндэсний чуулганд 21 аймаг, 9 дүүргийн холбогдох мэргэжилтнүүд /2023.04.03/ оролцлоо. Тус чуулган нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай халах, Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох зорилготой. 

“Жорлон” үндэсний чуулганд төр хувийн хэвшил, салбарын эрдэмтэн судлаачид болон шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлсэн технологийн үзэсгэлэн гаргаж, сайн туршлага хуваалцсан юм.

Чуулганд Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн, Засаг даргын БОАЖ-ын салбарын зөвлөх Х.Түмэндэлгэр  оролцож илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт 27 жуулчны бааз, малчид, иргэдийн 61 гэр буудал ажиллаж байна. Жуулчны баазууд бүгд 100 хувь боловсон жорлонтой болсон. Эдгээрээс “Говийн анар”, “Говийн өргөө”, “Говь Мираж” зэрэг жуулчны баазууд 98 хувь хүртэл цэвэршүүлэх Герман технологийн төхөөрөмж ашиглаж, цэвэршүүлсэн усаараа тарьсан модоо усалдаг. Харин 61 гэр буудал бүгд эко жорлонтой.

Аймгийн бүх сургууль, цэцэрлэг, ЗДТГ-ууд цэвэр, бохир усны системд бүрэн холбогдсон байна. Мөн Улаанбаатараас Өмнөговь руу зорчих зам дагуу Цогт-Овоо суманд сүүлийн үеийн тоноглолоор жишиг бие засах газрыг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Цаашид аялал жуулчлалыг дагасан бүс газруудаар нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэлээ. 

Хүний бие болон мал, амьтнаас гарч байгаа органик хаягдал бол хөрсний хорт бодис биш юм. Харин түүнийг муу устай холихоор хэзээ ч шингэдэггүй, ширгэдэггүй, дуусдаггүй хортой бодис болдог.

БОАЖЯ-наас “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол хийх, үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, шаардлага хангахгүй нүхэн жорлонг буулгах ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлэхийг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Усны сав газрын захиргаадад албан мэдэгдэл хүргүүлэн хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү арга хэмжээтэй уялдуулан Өмнөговь аймаг 2023 онд өрхийн амьжиргаа багатай, дэд бүтцээс хол 100 өрхөд эко жорлонг үнэгүй суурилуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version