БоловсролСурвалжлагаМГБССНОнцлохФото сурвалжлага

“Бяцхан эмч” Улаанбаатарт ирлээ

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс санаачлан Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан “Бяцхан эмч” хөтөлбөрийн нээлтийг /2023.03.30/ Баянгол дүүргийн 11-р хорооны 57 дугаар цэцэрлэгт зохион байгууллаа. Тус хөтөлбөрийн хүрээнд ахлах, дунд, бэлтгэл бүлгийн хүүхдүүд клубын эмчээр бэлтгэгдэж, бусад үе тэнгийн хүүхдүүддээ эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг хүүхдийн насны онцлогт тохирсон тоглоомын аргаар түгээх юм. Хүүхдүүд гар угаах, шүд угаах болон миний биед үл хүрэх дүрэм, миний биеийн аюулгүйн дүрэм, сэтгэлзүйн карт зэрэг олон сонирхолтой сэдвийн хүрээнд бэлтгэгдэнэ.

Нээлтийн арга хэмжээнд МГБССН ТББ-ын Гүйцэтгэх захирал Мөнхцэцэг, НЭМҮТ-ийн эрүүл мэндийг дэмжигч, мэдээлэл олон нийтийн албаны мэргэжилтэн н.Нарангэрэл, 57 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Баярмаа, тус цэцэрлэгийн эмч н.Ичинноров тэргүүтэй тус цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эхийн төлөөлөл, ахлах дунд, бэлтгэл бүлгийн “Бяцхан эмч” хүүхдүүд оролцлоо.

57 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Баярмаа “2023 онд манай цэцэрлэгийн 60 жилийн ой тохиож байгаа. Ойн босгон дээр манай цэцэрлэгт МГБССН-ээс “Бяцхан эмч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад талархалаа илэрхийлж байна. Манай цэцэрлэгийг Улаанбаатар хотдоо, Баянгол дүүрэгтээ хамгийн анхдагч болгож, манай цэцэрлэгийг сонгон зорин ирсэн та бүхэндээ талархаж байна. Хүүхэд гэдэг 4-5 насандаа сурсан мэдсэн  зүйлийг маш сайн сурч, ойлгож тогтоож чаддаг. Насан туршдаа мартдаггүй дадал зуршил энэ насан суудаг гэдгийг шинжлэх ухаанаар баталсан байдаг. Энэ насны хүүхдэд ийм сайхан урам өгч, эрүүл мэндээ хамгаалж сургах хөтөлбөр  хэрэгжүүлэх болсон нь үнэхээр сайхан санагдаж байна. Өнөөдөр 10 хүүхэд “Бяцхан эмч”-ээр сонгогдсон боловч цаана  нь цэцэрлэгийн маань бүх хүүхдэд үлгэр дууриал болно, хүүхдүүдийн гэр бүл эцэг эхэд нөлөөлнө. Үнэхээр их баярлалаа. Хүүхдүүдээ чиглүүлж, илүү сайн хамтарч ажиллана гэдгээ хэлмээр байна” гэж нээлтийн үеэр онцолж байлаа.

МГБССН ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг “Манай байгууллага 2017 оноос “Бяцхан эмч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөөрхөн хүүхдүүд маань өнөөдрөөс “Бяцхан эмч” клубын гишүүд боллоо. Ээж аавууд маань хүүхдүүддээ маш сайн дэмжиж ажиллаарай. Бид хөтөлбөрөө хөдөө орон нутагт амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ жилээс Улаанбаатар хотод хэрэгжүүлж байна. “Бяцхан эмч” хөтөлбөрийг маань цаашид илүү дэлгэрүүлж, баяжуулж авч яваарай гэж 57 дугаар цэцэрлэгийн хамт олноос хүсэж байна. Хүүхдүүддээ амжилт хүсье” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү хөтөлбөрийн нээлтэд зориулж тус цэцэрлэгийн багачууд өөрсдийн дуу хуураар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Нээлтийн арга хэмжээний төгсгөлд МГБССН-ээс “Бяцхан эмч” хүүхдүүдэд зориулан чагнуур, шүд угаах аргыг бусаддаа заахад зориулсан хэрэгсэл зэрэг шаардлагатай гарын авлагыг бэлэглэсэн юм. Хүүхдүүд чагнуураар багш, найзуудынхаа зүрхийг чагнаж “Түг түг” гээд байна хэмээн баяр хөөр дүүрэн ярьцгаах нь ирээдүйн амьдралынх нь анхны гараа болжээ гэмээр харагдаж байлаа. Энэ үеэр МГБССН-ийн зүгээс “Бяцхан эмч” хөтөлбөрт зориулан биеийн бүтцийг танилцуулсан зурагт ном, гарын авлага болон ханиад томууны дэгдэлтийн үед ашиглах БНСУ-д үйлдвэрлэсэн утлагын аппаратыг бэлэглэсэн юм.

1 / 16

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, “Бяцхан эмч” хөтөлбөрийн хүрээнд МГССН нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зөв зохистой хооллолт, хоолны эрүүл ахуй болон орчны эрүүл мэндийн үнэлгээ зөвлөмж, сургалтыг багш, ажилчид болон эцэг эхчүүдийн дунд хийхээр төлөвлөж байна.

Цэцэрлэгийн насны хүүхдүүд аливаа зүйлийг маш амархан сурч чаддаг. Хүүхдийг энэ үед нь зөв мэдээ мэдээллээр хангаж өгвөл ирээдүйд чадварлаг, мэдлэг боловсролтой болох тэрхүү суурь нь тавигддаг. Тус хөтөлбөрт эцэг эхчүүд, багш, цэцэрлэгийн хамт олон маш талархалтай хандаж байгаа бөгөөд гэртээ ч гэсэн ээж аав, ах эгчдээ хүүхдүүд шаардлага тавьж, эрүүл мэндийн зөв дадалд уриалж байгаа нь бидний хөтөлбөрийн гол үр дүн юм. 

МГБССН-ийн хувьд Бяцхан эмч төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор Төв аймаг, Орхон аймаг, Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Архангай Хашаат сумын цэцэрлэгт тус тус амжилттай хэрэгжиж байна.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд зохилон тохиолдож буй хоол боловсруулах, амьсгал, арьс, осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд хүүхдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг тогтмол явуулж, багаас нь зөв дадлыг эзэмшүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version