“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболдыг урилаа. Тэрбээр 2006-2008 онд Батлан хамгаалахын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2008-2010 онд Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн команд инженерийн сургуулийг Цэргийн инженерийн албаны офицер мэргэжлээр, 2017-2019 онд ОХУ-ын Иргэний хамгаалалтын академийг Цэргийн удирдлагын офицер мэргэжлээр тус тус төгссөн. Ажлын гараагаа 2010-2013 онд Нийслэлийн Аврах ангид бүлгийн даргаар эхэлж, улмаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр 2013-2014 онд, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, улсын хяналтын ахлах байцаагчаар 2014-2015 онд, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр 2015-2017 онд тус тус томилогдон ажилласан бөгөөд 2019 оноос өнөөг хүртэл Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байна. Онцгой байдлын байгууллагаас энхийг дэмжих ажиллагаанд оролцсон анхны 30 алба хаагчийн нэг болж, 2010-2011 онд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн юм.
–Өөрийгөө солонгын 7 өнгөнөөс өөрийгөө аль өнгөтэй зүйрлэх вэ? Яагаад энэ өнгөтэй зүйрлэх болов?
Эрч хүчтэй, идэр чийрэг, эрүүл бие махбодыг илэрхийлдэг цусны улаан өнгөтэй зүйрлэдэг. Улаан өнгө нь үүсэл гаралынхаа хувьд ч байгаль ертөнц, хүний соёл иргэншил дэх хамгийн чухал үзэгдэл болсон гал, галын дөлийг төлөөлдөг. Судлаад үзэхээр Япончууд гэхэд л бусад үндэстний нэгэн адил улаан өнгөөр амьдралын эх булаг болох цус, дэлхий ертөнцийг үүрд гэрлээрээ ивээн тэтгэгч наран хийгээд үргэлж дээш ноцон асагч галыг бэлгэддэг юм байна.
-Хүний хүсэл, сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу?
Би багаасаа нисгэгч болохыг мөрөөддөг байсан л даа. Хэрвээ боломж олдох юм бол мөрөөдлөө биелүүлж, хөх тэнгэрт эрх дураараа дүүлэн нисэхийг хүсч байна.
-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?
Нисгэгч болж, хөх тэнгэрт дүүлэн нисэхийг мөрөөдөлтэй хүүхэд байсан. Ээж маань банк, санхүүгийн хүн болгох, аав маань цэргийн хүн болгож, өөрийн мэргэжлийг өвлүүлэх хүсэлтэй байсан. Аавынхаа хүслийг дагаж, цэргийн алба хаагч болсон. Өнөөг хүртэл аавынхаа замаар Онцгой албанд зүтгэж үүрэг гүйцэтгэж байна.
-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтанд хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?
Нэг талаар миний хийх ажлын үүрэг шүү дээ. Нөгөө талаар албан үүргээ биелүүлэхэд удирдлагаас өгч байгаа “боломж”. Тухайн үүрэг даалгаврыг ял мэтээр хүлээн авч, дургүйцэж эсвэл чин сэтгэлээ зориулж чадахгүй бол хувь хүний хувьд хэзээ ч хөгжихгүй, дэвшихгүй. Тиймээс аль болох захирах, захирагдах ёсыг дагаж, чадна гэсэн итгэл хүлээлгэж энэ ажлыг даалгасан гэж бодож, зүтгэдэг.
–Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?
Бурхан, чөтгөр хоёр зэрэгцэн оршдог гэдэг. Үүнтэй агаар нэг гэж бодож байна. Тун нь таарсан байхад аль, аль нь хүнд урагш алхах урам зориг болдог. Алдаагаа засаж сайжруулах боломжийг ч олгодог. Магтаалд бялуурахгүй, шүүмжлэлд гудайхгүйг хичээж амьдардаг даа.
-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?
Аз жаргалыг алс холын биелэгдэх боломж багатай ямар нэг зорилгод хүрсэнээр олж авна гэж ойлгодог, тэмүүлдэг хүнтэй таарч байсан. Харин миний хувьд аз жаргал гэдэг бол амар амгалан, сэтгэл дүүрэн оршихуйг өгдөг, үргэлж дэргэд байдаг гэр бүл минь. Тэд маань хаана байна тэнд л миний энгийн хэрнээ эгэлгүй аз жаргал, амар амгалан бий болдог.
-Таны бахархал?
Нэрэнд минь овог, нэг насны амьдралд минь зам гаргаж өгсөн хайртай ааваараа, энх цагийн эгэлгүй баатрууд болсон Онцгой байдлын албаны алба хаагчдаараа л бахархаж явдаг даа.
-Таныг цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?
-Аливаа асуудлыг хамгийн оновчтойгоор шийдвэрлэхийн тулд гарц гаргалгааг эрэлхийлж, ард нь гарч чаддаг болохоор сайн менежер л гэж хариулмаар байна.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин