ОнцлохНийслэл

Хөндөх сэдэв: Улаанбаатар газар хөдлөлтөд бэлэн үү

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг бөгөөд 1995-2009 онд нийт 600 гаруй сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувьтай, гэр хороололд 81 хувьтай хэмээн тооцоолсон нь бий.

Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах хүрээнд барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд барилгын салбарын эрдэмтэн судлаач, инженер, зураг төсөл зохиогч, барилгын материал үйлдвэрлэгч зэрэг мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, төслийн нэгж, төрийн холбогдох байгууллага зэрэг нийт 70 гаруй байгууллагын 220 гаруй төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, эрсдэлийг бууруулах хүрээнд хийх ажлуудыг тодорхойллоо.

Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байна

Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбат “Улаанбаатар хот болон ойр орчмын бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжил өмнөх жилүүдээс харьцангуй өндөр байгаа. Ерөнхий төлөв байдлыг харвал, 2005 оноос эхлэн нийслэл болон ойр орчмын бүсэд үүссэн газар хөдлөлтийн тоо эрс нэмэгдэж байна. Үүний дагуу бид судалгаа хийн Улаанбаатар хот орчмыг тойрсон зургаан идэвхтэй хагарал байгааг тогтоосон. Эдгээрээс өөр бас нэг хагарал байгааг Японы  эрдэмтэд гурван жилийн турш судалгаа хийсний дүнд илрүүлсэн байдаг. Идэвхтэй хагарал гэдэг нь хэдэн мянган жилийн өмнө болж байсан хүчтэй газар хөдлөлтийн ул мөр гэсэн үг. Ийм хагарлуудыг илрүүлэн газар хөдлөлтийн процессуудыг судалдаг. Эдгээр судалгааг хийсний дүнд Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох болсон” хэмээсэн.

“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөний үеэр энэ сэдвийг хөндлөө. Тодруулбал, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Тэрбээр “Хөрсний суулт, нуралт, гулсалт гэдэг бол чухалчилж авч үзэх ёстой үзэгдлүүд. Сүүлийн 10-15 жилд Улаанбаатар хотод барьсан барилгуудын ихэнх нь ууланд байна. Гадаргуугийн налуу 15 градусаас хэтэрсэн тохиолдолд хүчтэй газар хөдлөлтийн үеэр барилгад ирэх цохилт хоёр дахин нэмэгддэг. 2013 онд Улаанбаатар хотод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр газар хөдлөлт болбол төвлөрсөн орон сууцны 11 хувь, хувийн орон сууцны 33 хувь нурж, хотын төвд 7552 хүн, гэр хороололд 38 мянган хүн амь үрэгдэх эрсдэлтэй гэж гарсан. Гэхдээ энэ тоо сүүлийн арван жилд өөрчлөгдсөн байх. Учир нь нийслэлд 1950-иад онд барьсан барилгуудыг нурааж, шинээр барьж эхэлсэн. Үүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгууд багтаж буй. Сургуулийн анги дүүргэлт, даац хэтэрсэн тул энэ нь газар хөдлөлтийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Мөн гэр хороололд мэргэжлийн бус хүмүүс барьсан 3-5 давхар байшин их болсон нь эрсдэлийг мөн ихэсгэнэ” гэсэн юм.

Туркийн сургамж

“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөний үеэр Монголын барилгын инженерүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Э.Ганзориг “Турк Улсад болсон газар хөдлөлтийн урьдчилсан тайлан, сургамж” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон барилга байшин сүйдэж, хүний амь эрсэдсэн. Энэ гамшгийн үеэр учирсан хохирол, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар тэрбээр онцлов.

“Байгалийн гамшиг, тэр дундаа газар хөдлөлтийн үеэр ямар сургамж авсан бэ гэдэг чухал. Турк, Сирид болсон газар хөдлөлтийн тайлан, сургамжийг урьдчилсан байдлаар гаргасан байна. Энэ үеэр хуучны барилгууд олноор нурсан, үүнээс болж олон хүн бэртэж гэмтсэн, амь насаа алдсан. Нөгөө талаас хот төлөвлөлт муу, төлөвлөлтийн хэрэгжилт сул байсан нь гамшгийн үеэр их хохирол учрах шалтгаан болсон. Газар хөдлөлтөд өртсөн барилгуудын цөөнгүй гөлгөр гадартай арматур ашиглан барьсан, бетоны чанар муу байсан нь ч нөлөөлсөн” хэмээлээ.

Судлаачдын өгүүлж буйгаар, газар хөдлөлтийн аюулыг тооцоолохдоо барилгажих талбай дээр судалгаагаа хийдэг. Нэгдүгээрт, суурин газруудад нөлөөлөх голомтуудыг тогтоон, хэр хэмжээний газар хөдлөлт болох боломжтой вэ, хэдэн жилийн давтамжтайгаар үүсэх вэ гэхчлэн тооцоолдог аж. Газар хөдлөлтийн улмаас учирч болох эрсдэл, хохирлын хэмжээ нь хүмүүсийн хийсэн бүтээн байгуулалт буюу барилга байшин, дэд бүтцээс ихээхэн хамаардаг. Өөрөөр хэлбэл, чанаргүй, төлөвлөлт муутай, судалгаагүй хийсэн бүтээн байгуулалт хор хохирлын хэмжээг нэмэгдүүлж, хүний амь нас эрсдэх магадлалыг өндөрсгөж байдаг. Тиймээс аливаа гамшгаас сэргийлэхээс гадна шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан тооцоолж, хотоо зөв төлөвлөн, барилга, бүтээн байгуулалт хийх нь чухал байна.

Хяналт, бас дахин хяналт

Төр, хувийн хэвшлийн байгууллага, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон уг арга хэмжээний үеэр барилгын чанар, аюулгүй байдал, стандарттай холбоотой тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Газар хөдлөлтийн үеэр учирч болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлэхэд барилгын чанар, стандарт, үүнийг дагаад хяналтын асуудал тулгамдаж буй.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хандан 2021-2022 онд иргэдээс ирүүлсэн нийт гомдлын 75.2 хувь нь барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчиж буйг шалгуулах, барилга байгууламжийн зориулалтыг хянуулах, барилга байгууламжийн ажлыг зогсоох тухай байсан гэнэ. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг чанд мөрдөөгүйгээс эхлээд барилгын ажлын угсралт, улсын комисст хүлээн авах хүртэлх бүх үе шатанд хууль, журам, норм дүрэм зөрчигдсөөр байгааг ч мэргэжлийнхэн ярилаа.

Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн 29 мянган барилга, байгууламж Улаанбаатар хотод байдаг. Үүний 19 мянга нь 2002 оноос өмнө, 10 мянга орчим нь үүнээс хойш баригдсан аж. 2010 оноос хойш Хот байгуулалт, хөгжлийн газар барилгын газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээг хийж эхэлжээ.

“2023 оны байдлаар нийт 944 барилга дээр газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийгээд байна. Тухайн үеийн зөвлөмж, журмын дагуу 2002 оноос өмнө баригдсан нийтийн зориулалттай орон сууц, олон нийтийн барилгуудад энэхүү үнэлгээг хийж ирсэн юм. 2002 оноос өмнө баригдсан 1844 орон сууц болон олон нийтийн барилга байдаг. Үүний ихэнх нь буюу 1320 нь орон сууц, 524 нь олон нийтийн барилга байгаа юм. Эдгээрээс 900 гаруй барилгад газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээг хийхэд 354 нь тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн 98 барилгыг хүчитгэж бэхлэх шаардлагатай, үлдсэн нь газар хөдлөлтөд тэсвэртэй байна гэсэн үнэлгээ дүгнэлт гарсан байна” хэмээн Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга ярилаа.

Мөн 2002 оноос өмнө баригдсан барилгуудын хийц, бүтээцийн хувьд авч үзвэл ихэнх нь тоосгон барилгууд байна. Өөрөөр хэлбэл, 1940-1960 онд баригдаж эхэлсэн барилгуудын чанар, эдэлгээний хувьд анхаарах шаардлагатай, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үзэж буй. Эдгээр барилгыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах төслүүд хэрэгжиж байгаа аж.

Харин хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан барилгуудын тухайд хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, өөрөөр хэлбэл хууль, дүрэм журам гаргах, стандарт норм батлах шаардлагатай гэнэ.  Одоогоор Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх хоёрдугаар төслийн хүрээнд үүн дээр онцгой анхаарч, эхний ээлжинд 10 барилгад хүчитгэл, бэхэлгээ хийх зураг төслийг боловсруулахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн Газар хөдлөлт тэсвэртэй гэсэн үнэлгээтэй барилгуудыг паспортжуулж буй. Өөрөөр хэлбэл, 2002 оноос хойш баригдаж байгаа барилгуудын тухайд материалын чанар, хийц бүтээц болон  зураг төсөл дээр газар хөдлөлт тэсвэрлэх стандарт, норм нь хангагдсан гэж үзэх ёстой.

Гэхдээ сүүлийн 20-иод жилийн хугацаанд барилгууд яг технологи, зураг төсөл, хийц бүтээцийн стандартынхаа дагуу баригдсан уу гэдэгт хяналт тавих шаардлагатай. Энэ хүрээнд тодорхой үзлэг, шалгалт хийх шаардлага гарч ирж байгааг зөвлөгөөний оролцогчид онцоллоо.

Ерөөс гамшгаас урьчилан сэргийлэхийн тулд ард иргэд, төрийн байгууллага, хувийн хэвшил гээд бүх түвшинд барилгын чанар, аюулгүй байдалд анхаарч, хууль журам, стандарт нормыг хангах  шаардлагатай аж.

Чиглэл, ажлуудыг тодорхойллоо

 “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөнөөр барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, салбарын хяналтын тогтолцоо, хууль, эрх зүйн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойллоо. Мэргэжлийн байгууллагуудын танилцуулга, мэдээлэл, оролцогчдын санал хүсэлтийг зөвлөгөөний төгсгөлд нэгтгэж, дүгнэлт гаргасан.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос ирсэн саналуудын 60 гаруй хувь нь шат шатны хяналтыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр, мөн барилга барих зөвшөөрөл олгох, комисс хүлээн авах үйл ажиллагааг нээлттэй болгож, мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлээр давхардсан байна.

Дүгнэлтийг хууль, эрх зүйн шинэчлэл хийх, хяналт шалгалт хийж хариуцлагыг дээшлүүлэх, зохион байгуулах гэсэн гурван хүрээнд гаргасан юм.

Тухайлбал, хууль эрх зүй шинэчлэлийн хүрээнд барилгын чанар, аюулгүй байдал, стандартыг хангуулахад чиглэсэн хуулиас эхлээд стандарт, норм, дүрэм, журмуудыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх, барилгын материал импортлогч, ханган нийлүүлэгчийн чиг үүрэг, хүлээх хариуцлага, тавих хяналтын тогтоцолцоог сайжруулах. Улсын хилээр заавал тохирлын баталгаанд хамрагдсан бараа бүтээгдэхүүнийг импортолдог болох хэрэгтэйг онцолсон. Түүнчлэн барилгын аюулгүй байдлыг барилгын чанараар хангахын тулд бүх үе шатанд төрөөс хяналт тавих үйл ажиллагааны нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох, шинээр баригдаад ашиглалтад оруулах боломжгүй барилга байгууламжийг ашиглалтад огт хүлээн авахгүйгээр албадан буулгах, орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхээс сэргийлж олон нийтэд мэдээлж, олон нийтийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзлээ.

Хяналт шалгалт хийж хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд мөн нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгах хүртэл арга хэмжээг авч, цаашид дахин зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлэхийг таслан зогсоох, ашиглагдаж байгаа барилгад давхар нэмсэн, үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт оруулсан, барилгын даацын ханыг нурааж газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын шаардлагыг зөрчсөн барилга байгууламжийн нэгдсэн судалгаа, дүгнэлт гаргаж, хууль, дүрэм зөрчсөн хуулийн этгээдэд хариуцлага тооцох зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй байна.

Харин зохион байгуулалтын ажлын хүрээнд газар хөдлөлтийн голомтуудын нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх, барилгын материалын эрүүл ахуйн үзүүлэлтийг тодорхойлох лаборатори байгуулах, барилга байгууламжийн мэдээллийг нэгтгэн, нэгдсэн мэдээллийн санг байгуулж, олон нийтийг бодит мэдээллээр хангах, барилгад газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж, бэхлэн хүчитгэх, барилга байгууламж ашиглалтын явцад тогтмол засвар үйлчилгээ хийх, мөн ашиглалтын шаардлага хангахгүй олон нийтийн зориулалттай болон орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах ажлыг эрчимжүүлж, холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангаж, хамтран ажиллах нь чухлыг зөвлөгөөний оролцогчид өгүүлж байв.

Зөвлөгөөний дүнд гаргасан эдгээр дүгнэлтэд үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шат шатны төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач, иргэд хариуцлагатайгаар хамтран ажиллах нь чухал гэдгийг оролцогчид онцолж байлаа.

Эх сурвалж: Өдрийн сонин, 2023.03.27 №055 (7175)

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version