НийслэлFocus

Өрх бүрийг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа холбогдох албаныхны хамтаар нөөцийн махны борлуулалт, зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/, гэр хорооллын гудамж, талбайн хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг шалган, халиа тошин үүссэн байршлуудад /2023.03.25/ ажиллав.

Зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1800 орчим ТҮЦ бий. НИТХ-ын 2022 оны 34-р тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталсан. Уг журамд ТҮЦ-тэй холбоотой заалтуудыг тусгасан байдаг. Тодруулбал, дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл тухайн нутаг дэвсгэр дэх ТҮЦ-үүдийн байршлыг тогтоон, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах эрх, үүрэгтэй гэж заажээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй болон ногоон байгууламж дээр зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх, үйлчилгээ эрхлэх боломжтой байршлыг тогтоох чиглэлийг дүүргүүдэд өгсөн байна. Үүний дагуу Баянзүрх дүүргийн зүгээс энэ долоо хоногт ТҮЦ эрхлэгчидтэй уулзан, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулжээ. Харин бусад дүүргийн хувьд худалдаа эрхлэх байршил тогтоон, нүүлгэх шаардлагатай ТҮЦ-үүдийн судалгааг гаргаж байгаа аж.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хувиараа жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүсийг дэмжих нь зүйтэй. Гэхдээ тухайн ТҮЦ ямар байршилд байна вэ, хотын өнгө үзэмжид хэрхэн нөлөөлж байгаа вэ, зарж буй хүнсний бүтээгдэхүүнүүд нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх зэрэг асуудлууд хөвөрч байна. Тухайлбал, зарим ТҮЦ-ийг машин эргэх эргэлт дээр буюу явган хүний гарц хаан байршуулсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж буй юм.

Тэгэхээр ямар нэг судалгаагүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага зайлшгүй бий болж байна. Харин дүүрэгтэйгээ байршлаа зөвшилцсөн, хог, цахилгааны болон бусад гэрээгээ хийн, албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг дэмжинэ. Иймд дүүргүүдийн зүгээс аюулгүй байдал хангахгүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ эрхлэгчдэд бизнес эрхлэх боломжтой өөр байршил зааж, худалдаа үйлчилгээ эрхлэх нөхцөлийг нь бий болгох хэрэгтэй” гэсэн юм.

80 тонн нөөцийн мах борлуулжээ

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-наас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн. Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоодог бол борлуулалтыг нийслэл хариуцдаг ба гуравдугаар сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдаж буй. Борлуулалт эхэлснээс хойших 10 хоногийн хугацаанд нийт 80 тонн мах худалдаалжээ. Нөөцийн махны борлуулалттай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүрүүдэд ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Арви” хүнсний дэлгүүрийн хувьд жил бүр нөөцийн мах борлуулдаг. Нэг удаадаа 100 кг гаруй мах татан авдаг бөгөөд 2-3 хоногийн дотор зарж дуусдаг байна. Харин тус дүүргийн 14 дүгээр хороонд байрлах найман нэрийн “Ар сайн” дэлгүүрийн хувьд өдөртөө 300-400 хүнд үйлчилдэг. Дэлгүүрийн зүгээс нөөцийн махны борлуулалт 2021 онтой харьцуулахад тааруу байгаа ч махны чанар сайн байгааг онцолж байв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Махаа ангилж уутлахдаа өөх, махны хэмжээг тааруулах, ууталсан махаа зөөвөрлөхдөө шуудайнд бус, цаасан хайрцагт зөөвөрлөх шаардлагыг 12 бэлтгэн нийлүүлэгчдэд хүргүүлнэ” хэмээлээ.

Халиа тошин үүсдэг, үерийн эрсдэлтэй бүсүүдийг мэдээлнэ

Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, айл, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл жил бүр үүсдэг. Энэ жилийн хувьд Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүссэн. Цаг агаар дулаарч халиа тошингийн нөхцөл байдал хэвийн байдалд шилжсэн ч УБЗАА, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/-аас тогтмол хяналт тавин ажиллаж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хаврын шар усны үер болоод халиа тошин үүссэн байршлуудад байнгын хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа. Нийслэл, дүүргийн онцгой байдлын байгууллагаас холбогдох хүн хүч, машин механизмын зардлыг шийдвэрлэсэн. ГУББГ-аас 20 орчим байршилд байнгын үзлэг, шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.

Халиа тошингийн нөхцөл байдал хэвийн байгаа бөгөөд цаг агаар дулаарсантай холбоотойгоор хайлалт үүсэж, доошоо суулт өгч байна. Их хэмжээгээр үүссэн мөсийг түрж, зөөвөрлөсөн. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэх хаврын их цэвэрлэгээний үеэр үерийн далан, шугам сүлжээний цэвэрлэгээг эрчимжүүлнэ” гэв. 

Халиа тошин үүсдэг байршилд зөвшөөрөлгүй оршин сууж буй 3300 орчим өрх байдаг. Холбогдох байгууллагуудаас эдгээр айлд жил бүр нүүлгэн шилжүүлэх албан мэдэгдэл хүргүүлдэг байна. УБЗАА-наас тавдугаар сарын 1-нээс эхлэн UB Engineering системээр дамжуулан халиа тошин ихээр үүсдэг, үерийн эрсдэлтэй бүсүүдийг иргэдэд нээлттэй мэдээлэхээр төлөвлөжээ. Ингэснээр орон нутгаас шилжин суурьших иргэд эрсдэлтэй бүсээс газар худалдаж авахаас урьдчилан сэргийлэх боломж үүсэх юм.

Өрх бүрийг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг байдаг. Үүнээс гадна зуслангийн бүсүүдэд хур хог хаях цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй газар барилгын болон бусад хог хаягдлыг төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа аж. УБЗАА-наас 2022 онд хур хог үүссэн 10 орчим байршлыг цэвэрлэж, зөөвөрлөсөн бол энэ жил тус ажлаа үргэлжлүүлэхээр судалгаа хийж буй.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version