Шүлэг яруу найрагОнцлох

“Биднийг уулзуулдаг яруу найраг мандтугай”

Утга яруу үгсийн чуулганд ирсэнийг илтгэх мэт анд нөхөддөө мэндчилгээ дэвшүүлэх яруу найрагчдын шүлгэн цэнхэр хадганд өлгийдүүлэх мэдрэмж үнэхээр гайхалтай. Энэ мэдрэмжийг хөглөсөн хүмүүс бол “Шинэ Мянган” Утга Зохиолын Нэгдлийн яруу найрагчид. Тэд “Дэлхийн яруу найргийн өдөр” 10 жилийн ойн баяраа тэмдэглэж, найраг шүлгээрээ мэндчилгээ дэвшүүлж, хөгжилтэй хөөртэй түүхээ ярилцаж, үүрд орхин одсон найрагч нөхдөө дурсаж өнгөрүүлэв.

Шүлэг, яруу найраг гэдэг хүний сэтгэлийн гүнээс урсан гарч, ухаарал, баяр бахдал, гуниг, аархал дүүрэн амьдралын түүхийг багтаадаг шидтэй гэдэг. Тиймдээ ч 2000-аад оноос шүлэг зохиолоо туурвиж эхэлсэн яруу найрагч залуус “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийг байгуулж, Монголын утга зохиолд анхлан хөл тавьж байгаа мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс, утга зохиолын хүндэт буурлууд, ахмад дунд үе, нийт судлаачдыг холбосон их гүүр болж, уламжлал шинэчлэлийн залгамж холбоог таслахгүй явж байгааг энэ өдөр онцолж байлаа.

“Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн Гүйцэтгэх захирал, Богд Хаан ордон музейн захирал, Болор цомын эзэн Ц.Эрдэнэбаатар нээлтийг хийхдээ “Янзын гэдэг үг байдаг даа. Энэ өдөр яг тохирч байна. Яагаад гэвэл “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл бол андлалаараа, сэтгэлээрээ нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Найзууддаа 10 жилийн ойн мэндийг дэвшүүлье.  Сэтгэл нэгтэй, зүтгэл нэгтэй, итгэл нэгтэй явсан бидний түүхт энэ өдөр олон зүйл бодогдож, дурсагдаж байна. Та нартаа энэ өдрийн халуун мэндийг хүргэе” хэмээн онцолж байв.

Ойн баярт ирсэн яруу найрагчдын төлөөлөл сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэж байна.

Сэтгүүлч, яруу найрагч Г.Сонинбаяр: “Шинэ Мянган” Утга Зохиолын Нэгдлийн  хамт олон маань 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаа боловч 1990-ээд оны дунд үеэс эхэлж үерхэж нөхөрлөсөн нэгэн үеийн зохиолч яруу найрагчид юм. Бид оюутан байх үеэсээ л яруу найргийн  ертөнцөд уулзаж нөхөрлөсөн хүмүүс. Бид тал талаасаа сэтгэл нэгдсэний үндсэн дээр анхныхаа хурлыг  хийж, тамга тэмдэгээ авч байсан цагаас хойш 10 жил өнгөрчэ. Үнэхээр сайхан байна. Олон сайхан нөхдийнхөө шүлгийг сонсож сууна. Олон нөхдүүд маань ном зохиол, уран бүтээлээ туурвиж явна. Тэр бүхнийг нь дурьдвал уртаас урт жагсаалт гарахаар болжээ. Бид ажил амьдралын замд нөхөрлөж, уран бүтээлээрээ нэг нэгнээ хөглөж, байлдан дагуулж, бие биендээ түшиг болж явсан нөхөрлөлийн холбоог бий болгосон найзууд.

Энэ өдөр бид тэнгэрт одсон олон сайхан найз нөхдөө дурслаа. Яг одоо би найз Ганзулаа дурсаж байна. МЗЭ-ийн шагналт яруу найрагч найз минь бидний мартахын аргагүй хөг аялгуу маань байсан. Ганзул маань сэтгэлээр огт унадаггүй, олон наадмын түрүү авчихсан, олон цомтой оюутан байлаа. 2012 онд “Алтан гөрөөс” яруу найргийн наадам хийхэд “Шинэ мянганы” бүх яруу найрагчид маань цуг оролцож байсан.  Дорноговь аймгийн Хамрын хийдээр хамгийн  олон баг бүрэлдэхүүнтэйгээр аялж, гадаадын уран бүтээлчид ч оролцож байлаа. Хэнтий аймгийн Батширээт суманд Онон мөрний хөвөөнд шүлгээ уншиж, яруу найргийн наадам хийж явсан сайхан дурсамж байна.

“Дэлхийн яруу найргийн өдөр” яах аргагүй бидний баярын өдөр. 2009 оны энэ өдөр Юнейскогоос “Дэлхийн яруу найргийн өдөр” болгосноос хойш  энэ өдрийг тэмдэглэж ирсэн. “Яруу найраг гэдэг эх хэлний хамгийн чөлөөт дээд илэрхийлэл” гэж тодорхойлсон байдаг. Энэ сайхан яруу найргаар сэтгэлээ цэнгүүлж, онгод авъяасаа хөгөлж байгаа бүх найзууддаа, яруу найрагт дуртай нийт ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Яруу найрагч Ш.Анхтуяа: Найз нөхдийн нөхөрлөл дээр үүсгэн байгуулагдсан “Шинэ Мянган” утга зохиолын нэгдэл байгуулагдаад 10 жил болжээ. Энэ нэгдэлд маань яруу найраг, шүлэг, өгүүллэг, тууж бичдэг хүмүүсээс гадна доктор, утга зохиол судлаачид гээд нэгэн үеийхэнийг багтаасан байна. Бид 10 жилийн хугацаанд уран бүтээлийн хувьд ч, ажил албын хувьд ч өсөж дэвжсэн. Утга зохиолын нэгдлийг байгуулсан түүх маань их гоё. 2013 оны “Болор цом” яруу найргийн наадамд манай Норовын Гантулга маань түрүүлж, тэр үед цугласан 30-аад яруу найрагч залуус анх санал гаргасан. Тэгээд л хэдхэн өдрийн дараа албан ёсоор байгуулсан. Яруу найрагчид нэгдэл байгуулсан гэдгээ албан ёсоор зарлахдаа ч их содон байлаа. Эмэгтэйчүүдийн  баяраар зургаан эрэгтэй яруу найрагч маань “Төгөлдөр гоо”  тоглолтыг хийсэн. 10 хоногийн дараа Цэргийн баяраар  долоон эмэгтэй яруу найрагч “Хаврын урилга” тоглолтоо хийсэн. Бид тоглолтоороо “Хаврын урь ирж байна. “Шинэ Мянган” утга зохиолын нэгдлийн хавар ирлээ” гэдгээ зарлаж байв. Бидний бүтээсэн олон сайхан дурсамж түүхүүд байдаг. Хамгийн анхны “Хаврын урилга” тоглолтоо 3 сарын 18-нд хийхийн тулд хоёрдугаар сараас эхэлж бэлдэж эхэлсэн. Дүн өвлийн хүйтэнд Улаанбаатарын хамгийн хүйтэн цэг Сонгины гүүрэн дээр хаврын зураг авахуулах гэж очицгоосон юм. Хаврын нимгэн хувцастай, шилэн трикотой хүүхнүүд гүүрэн дээр алхаж яваагаар зургаа авахуулсан. Тэр үед манай Б.Төгсжаргал “Хөөрхөн л харагдаж байвал хөлдөх хамаагүй” гэж хэлсэн нь бидний дунд одоо ч яригддаг хөгжилтэй түүхийн нэг.

Шинэ мянган утга зохиолын нэгдлийн гишүүн Б.Урангоо: “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн болоод багагүй хугацаа өнгөрчээ. Сэтгэлд хоногшсон олон сайхан дурсамж, найз нөхөдтэй болсон байна. Оюутан байхад минь Л.Ганзул, Ч.Ууганбаяр хоёр анх манай сургууль дээр ирээд “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл байгуулагдсан талаар хэлж, тэнд чи бид нар л байх ёстой гэж хэлснээр найзалж нөхөрлөх түүх эхэлсэн. Одоо би 40 сайхан найзтай хүн. Бид шинэчлэл өөрчлөлтийн салхинд ургаж гарсан “90-ээд оныхон”-ы дараагийн үе. Манай “Шинэ  мянган”-хан маань яруу найраг, бүтээлийнхээ чанар чансаагаар маш хүчтэй түрэн гарч ирцгээсэн, маш чухал үүрэг, хариуцлага хүлээсэн хүмүүс. 10 жилийнхээ ойг тэмдэглэн уулзаж байгаадаа үнэхээр баяртай байна. Бүгдэд нь баярын мэнд хүргэе. Та нартаа хайртай шүү.

Болор цомын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Болорцэрэн: Би 1998 онд “Хүрэлтулга” хүүхдийн яруу найргийн наадамд Хөвсгөл аймгаас хүрэлцэн ирж оролцож байсан юм. Тэр үед 21 аймгаас наадамд оролцохоор ирсэн 10 дугаар ангийн бүх хүүхдийг нэг анги болгож, яруу найргийн гэгээн цутгалан болсон Утга зохиол, нийгмийн ажилтаны дээд сургуульд суралцах боломж олгосон. Тэр цагаас найзалж, нөхөрлөөд явж байна. Манай ангиас “Болор Цом”-ын эзэд тодорсон. “Учрал бүхэн ерөөл байдаг” гэдэг. Энэ өдөр эх дэлхийн найрагчдын өдрийг тэмдэглэж байна. Манай нэгдлийн ойн өдөр ч тохиож байна. Ийм сайхан ерөөлтэй өдөр “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн хамт олондоо уран бүтээлийн улам их амжилтыг хүсэн ерөөе. Бидний дунд мартахын аргагүй сайхан дурсамж олон байдаг. Анх нэгдүгээр курст ирэхэд манай дээд курст Л.Ганзул, Ш.Лхамноржмаа нар минь байлаа. Ганзул найзтайгаа 20-иод яруу найргийн наадамд орсон байна. Ганзул дандаа түрүүлдэг, харин би дандаа л 2-т орно. Манай “Шинэ мянган”-ыхан яруу найргийн бүхий л наадамд оролцдог. Би нэг удаа Ганзул найздаа “Хоёулаа олон яруу найргийн наадамд оролцлоо. Шагналынхаа мөнгийг аваад найз нөхөдтэйгээ гараад л үрцгээчих юм. Ер нь хоёулаа шагналынхаа дээжээр бие биедээ юм авч өгч байя” гэхэд Ганзул “Энэ шөнө болсон хойно хаанаас юу авах юм” гэлээ. Бид тэр үед 2000 оны “Мөнгөн цом” наадамд оролцсон юм. Наадам маань Драмын театрт болж байсан тул хойд талынх нь хаалгаар Ганзултай хамт гарч, дэргэд байсан ТҮЦ ороод “Миний найз эр хүн юм чинь галтай явж бай” гээд 10 төгрөгийн шүдэнз авч өглөө. Харин Ганзул надад 100 төгрөгийн бал авч өгч байлаа. 

Бид тэр үеэс хойш яруу найргийн наадамд амжилттай оролцвол мөнгөнийхөө дээжээс бэлэг авч өгдөг болсон. Одоо найз маань дэргэд байхгүй ч хаа нэгтэйгээс биднийгээ хараад баярлаж, бахдаж байгаа гэж итгэж байна. Ер нь Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль бол дандаа шүлэг яруу  найраг бичдэг, “Хүрэл тулга” яруу найргийн наадамд оролцож байсан хүүхдүүд сурдаг байв.

II курст байхад дээд курсын найзууд болох Ганзул, Очиртөмөр, Эрдэнэцогт нартай хамт Сэлэнгэ явсан түүх маань үнэхээр хөгжилтэй дурсамж. Би тэр үед нэг монетон бөгж зүүдэг байлаа. Тэгсэн Ганзул намайг дуудаад “Болороо Сэлэнгэд хойд бүсийн Болор цом болох гэнэ. Шагналын  сан нь ч өндөр юм байна. Дөрвүүлээ яваад ирье” гэлээ. Хэн хэн явах юм гэвэл “Эрдэнцогт, Очиртөмөр бас би  явна” гэлээ. Яг явах болтол “Бид зардалгүй. Чи бөгжөө ломбардад тавьчих. Бид нар чинь мундаг ш дээ. Хойд бүсийн “Болор цом”-д дөрвүүлээ очиход ядаж нэг нь шагналт байранд орж л таараа. Ирээд л бөгжийг чинь аваад өгнө” гэв. Тэгээд л бид Сэлэнгэд явж очлоо. Очтол бид дөрвийг тоож байгаа ч хүн алга. Том том яруу найрагчид. Бид дөрөв бөгжөө 25 мянгад ломбаданд өгөөд вагонд суугаад оччихсон, буцах ч зардалгүй. Би ч бүр сэтгэлээр уначихсан. Ганц эмэгтэй яруу найрагч гээд аваад явсан. Гэтэл миний бөгжийг хараад л авч явсан байна. Би ер нь очоод бөгжөө авч чадах юм уу л” гэж бодож байв.

Тэгсэн тэр наадамд Ганзул найз маань түрүүлчихсэн. Би хоёрт орж, Эрдэнэцогт маань тусгай байрын шагнал хүртэж орхив. Тэгтэл удалгүй биднийг хүндлээд л, бид ч бөөн баяр хөөр Улаанбаатарт ирж байлаа. Ийм л гэгээн сайхан дурсамжийг бид бүтээсэн байна. Оюутан байхад гэр маань Жуковын хөшгөөний яг зүүн талд, Ганзулынх баруун талд. Би 4 өрөө байранд амьдарна. Манай эгч Сэрүүлэг сонинд ажилладаг, ажил ихтэй. Гэртээ  ганцаараа голдуу, хөдөөний хүүхэд 4 өрөө байранд айна шүү дээ. Тэгтэл нэг л мэдэхэд  манай гэрт яруу найрагчид ирдэг, өнждөг болчихсон байсан. Энэ сайхан дурсамжууд минь  үг нийлсэн, зүг нийлсэн, үнэн хүсэл сэтгэл нийлж нөхөрлүүлж чадсан байна. Нямлхагва ахын маань хэлснээр “Бид нар  зөвхөн яруу найрагч биш. Бид их сайхан андлалын замаар нөхөрлөж чадсан” Үнэхээр сайхан байна.

Г.Сэр-Одын болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минижинсайхан: “Дэлхийн яруу найргийн өдөр” олон сайхан яруу найрагчид шүлэг бүтээлээ дуудаж байгаа энэ сайхан торгон цаг мөчид Монголын уран зохиолын “Шинэ мянган”-ы найрагчид цуглажээ. Би Монголын Зохиолчдын эвлэл болон Яруу  найргийн үндэсний төвийг  төлөөлж ирлээ. Энэ өдөр Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуайн хэлж байсан үгийг онцолж хэлмээр байна. “Яруу найрагч гэдэг бол зуны халуун наранд юу нь мэдэгдэхгүй шулагнаад байдаг шувуудтай төстэй улс. Учир нь жиргээд байгаа шувуудын жиргээг юу байна гээд сонсож чадвал тэнд уянга эгшиг байдаг. Тэнд урам зориг, уучлал өршөөл байдаг. Хэрэв сонсож эс чадвал тэнд  юу ч байдаггүй” гэж хэлж байсан. Тиймээс яруу найраг гэдэг өөрөө хүнээс сэтгэлийн боловсрол, мэдрэмжийг нэхэж шаарддаг. Уншигчдаас тийм их нарийн мэдрэмжийг шаардаж байгаа юм чинь бичиж  туурвиж байгаа хүмүүс нь түүнээс ч илүү их төвлөрч, бясалгаж байж тэр бадаг шүлгийг бичиж байгаа шүү дээ. Тиймдээ ч яруу  найрагч их л цөөхөн төрдөг. Тэр цөөхөн төрдөг хүмүүс жилдээ нэг баярладаг энэ өдөр ойгоо тэмдэглэж байгаа “Шинэ мянган”-ы яруу  найрагчиддаа уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СГЗ, яруу найрагч Н.Баянмөнх: “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн уран бүтэлчид бүгд Улаанбаатарт оюутан болж ирээд уран бүтээлээрээ нэгдсэн. Бид УБИС, Гурван эрдэнэ ДС, Утга зохиолын дээд сургуульд явцгааж тэндээсээ уран бүтээлээрээ бие биенээ олж нөхөрлөсөн нэг үеийн анд нөхдүүд. Бидний сэтгэлд хоногшсон олон сайхан дурсамж байдаг. Оюутан цаг минь үнэхээр уран бүтээлийн төлөө асаж явсан үе. Хэрхэн яаж сайн сайхан уран бүтээл хийх вэ, маргааш уулзахдаа ямар шүлэг хэнд унших вэ гэж догдолж хичээдэг байлаа. Олон сайхан дурсамж үлдэж. Бидний найз Ганзул маань сургууль дээрээ яруу найргийн наадамд оролцох болоод ангийнхаа охиноос мөнгө зээлэхийг хүсэхэд “Чи өмнө нь авсан мөнгөө өгөөгүй биз дээ” гэжээ. Тэгсэн Ганзул “Өнөөдөр яруу найргийн наадам болно. Би түрүүлээд л аваад ирнэ” гэж хэлээд л түрүүлчихсэн. Түүнийгээ бид үргэлж бахархаж дурсаж ярьдаг. Тэр уралдаанууд дээр хэн нь ямар  уран бүтээл уншихийг нь мэддэг, мэдэрдэг найз нөхөд болсон бид утга зохиолын хүрээндээ өөрийн өнгө төрх, байр суурьтай уран бүтээлчид болсон байна. Одоо яг уран бүтээлээ туурвих ид үедээ байна л гэж бодож явдаг. -Дэлхийн яруу найргийн өдөр”-т зориулан 1997 онд III курсын оюутан байхдаа бичсэн “Аялгуут нутаг” шүлгээ уншмаар санагдлаа. Дуу болсон шүү дээ.

“Усандаа цувсан адууны мөрөөр тоостой наран ургаж

  Удган шуранхай гэгэлзэхүй найраг шилгээн цацарсан

  Тургилах хүлгүүд нь тунгалаг цээл уртын дуутайгаа

  Туурайн чийртэй талынхаа тунамал өглөөг сэрээсэн

             Уяхан гэхнээ дэндүү уяхан уртын дуугаараа

             Уудам талаа сэргээсэн адуутай айрагтай найрагтай

             Ай миний

             Аялгуутайхан нутаг минь ээ …”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, сэтгүүлч, яруу найрагч Б.Төгсжаргал: “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн анхны 16 хүний нэг нь би. Миний аав зохиолч, яруу найрагч хүн байсан. Аавынхаа ажил мэргэжлийг өвлөөд сэтгүүлч, яруу найрагчаар ажиллаж байна. Үнэхээр нэгэн үеийн төлөөлөл болсон залуучуудтай мөр зэрэгцэж яваадаа маш их баярладаг. Манай нэгдэлд 10-аад Болор цомын эзэн, Зохиолчдын эвлэлийн  шагналт, Д.Нацагдоржийн шагналт уран бүтээлчид байгаа. Тэдэнтэй нэгэн үед амьдарч яваадаа маш их баярладаг. Манай найзууд зөвхөн уран бүтээлчээс гадна ахмад үеийнхэн, утга зохиолын түүхт ойд оролцож байсан энэ үеийнхэнийхээ уран бүтээлийг нэгтгэн боть ном болгож гаргалаа. Бидний эгнээнд байсан Хасар, Ганзул, Энэбиш гээд сайхан найзуудынхаа  уран бүтээлийг дурсаж, хайрлаж, ярилцаж байна. Манай нэгдлийн залуус маань уран бүтээлчдээсээ гадна нөхөрлөлийн том талбар, бусдыг хайрладаг, ахмад үеэ хүндэлдэг, залуу үетэйгээ хамтарч ажилладаг залуучууд. Хайрлаж бахархаж ирсэн найзуудтайгаа уулзахаар ажил ихтэй ч зайлшгүй хамт байх ёстой гээд зорьж ирээд байна. Яруу найрагч гэж хэлэгдэх болсон цагаас эхлээд энэ өдрийг тэмдэглэж ирлээ. Яруу найраг  чин сэтгэлээс гардаг учраас зүрхэнд хүрч сонссон хүнээ аз жаргалтай болгодог. Гэхдээ хүний амьдралын баяр гуниг, зовлон жаргал гээд дэлхий бүхэлдээ яруу найрагт багтдаг гэдэг. Энэ дэлхийг яруу найргаараа илэрхийлж гаргадаг үе үеийн яруу найрагчиддаа баярын мэнд хүргэе. Биднийг уулзуулдаг яруу найраг мандтугай.

1 / 13

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version