Сонгуулийн Ерөнхий хорооны даргын 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 захирамжаар тус Хорооны дэргэд “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, эрдэмтэн, судлаачдын сайн дурын клубыг байгууллаа. Тус клуб нь сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд сонгуулийн хууль тогтоомж, ард нийтийн санал асуулгыг иргэдэд тайлбарлан таниулах, сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангах, сурталчлах, сонгуулийн судалгааг хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах, сэтгүүлч, судлаачдыг дэмжих зэргээр иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана.
“Сонгуулийн боловсрол” клубт одоогийн байдлаар хэвлэл мэдээллийн 29 байгууллага, сэтгүүлчдийн мэргэжлийн холбоо-2, иргэний нийгмийн байгууллага-4 бүртгүүлж, сэтгүүлч, судлаачид гишүүнээр элсэж, сар тутмын уулзалт-сургалтыг хоёр удаа явуулаад байна. \Эхний уулзалтаар Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн боловсролын чиглэлээр явуулж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, клубын журам, зохион байгуулалт, 2023 оны төлөвлөгөөг баталсан бол хоёрдугаар сард Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2023 оны нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл ажлын явц, эрх зүйн зохицуулалт, Сонгуулийн автоматжуулсан системын тухай хууль, “Санал авах байрны стандарт, зохион байгуулалт” сэдвээр сургалт, мэдээлэл хийлээ.
Мөн Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албанаас Санал авах байрны жишиг загварыг байгуулснаа клубын гишүүдэд нээлттэй танилцуулж, Хорооны дэргэдэх МТТ санал тоолох төхөөрөмжийн ажиллагаатай биечлэн танилцах, сорилт, хяналт тавих боломж нөхцлийг бүрдүүлэн дадлага-сургалтыг хамтран явууллаа.
“Сонгуулийн боловсрол” клуб нь зохицуулагч, Удирдах зөвлөл, гишүүд гэсэн бүтэцтэй. Нийт гишүүдийн хүсэлтээр клуб нь Хорооны дэмжлэгтэйгээр сар тутмын мэргэшүүлэх сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулж, “Сонгуулийн боловсрол” сошиал хуудсыг хөтлөн сонгуулийн боловсролыг түгээхээр төлөвлөөд байна.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий хороо