МАА-н салбарын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны талаар ярилцав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тус хурлыг удирдан явуулсан бөгөөд мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Монгол орны санаачилгаар НҮБ-ын 76 дугаар ерөнхий чуулганаар “2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” болгон зарласан.
Энэ хүрээнд нэн тэргүүнд хуурай газрын экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, малын эрүүл мэнд, бүртгэлжүүлэлт, эрүүл бүс байгуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, өргөтгөх, малчдын хөдөлмөрийг хөнгөвчилсөн техник, технологи нэвтрүүлэх, залуу малчдыг бэлтгэх, урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг чиглүүлэхэд анхаарч ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн уламжиллаа.
Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/-ын санхүүжилтээр “Хөдөө, аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах төсөл” хэрэгжиж байгаатай холбогдуулан урьдчилсан байдлаар боловсруулаад буй Мастер төлөвлөгөөний төслийг танилцуулж, санал солилцов.
Түүнчлэн Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол ногоо” төсөл болон хувийн хэвшлийн төлөөлөл энэхүү хуралд оролцож, хүнсний ногооны салбарт амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлагуудаас хуваалцсан юм.
Тус хуралд олон улсын хөгжлийн түнш байгууллагуудыг төлөөлж
•НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа,
•НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO)-ын хөтөлбөрийн зохицуулагч Г. Мөнхболор,
•Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй хариуцсан ажилтан Юкицугу Янома
•Европын Холбооны Улсуудын Монгол дахь төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны багийн ахлагч Эдриан Морги,
•Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (Жайка)-ийн Хувийн хэвшил болон хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгч Накамура Кейго,
•Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Зөвлөх (NTC International) Такаши Котэгава,
•Хөдөө аж ахуйн хөгжлийн Олон улсын сан (IFAD)-ийн Улс орны хөтөлбөрийн зөвлөх Сабина Шмидт,
•Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-ийн “Монгол мах” төслийн удирдагч Д.Жигжидмаа нар оролцож, мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар ярилцлаа.