Гадаад харилцааОнцлох

Монгол, Германы дүрслэх урлагийн симпозиум байгуулах талаар ярилцлаа

Соёлын сайд Ч.Номин /2023.03.21/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ёорн Розенбергийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин ноён Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж, хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны Засгийн газрын тэргүүн нар 2024 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэхээ илэрхийлсэн. Иймд, түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Монгол-Германы Соёл, боловсролын зөвлөлдөх уулзалт”-ыг энэ онд зохион байгуулахаар товлосон юм. Энэ уулзалтад Соёлын яам өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд уулзалтаар дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлыг хэлэлцэхээр ярилцав.

Соёлын сайд Ч.Номин Төрийн шагналт “Баян Монгол” чуулга Герман Улсын Бремен хотод ирэх сард зохион байгуулагдах “Jazzahead” олон улсын жазз хөгжмийн фестивальд оролцохоор бэлтгэж байгаа талаар хэлж, дэлхийн нэр хүнд бүхий энэхүү фестивальд Монгол Улсыг төлөөлөн оролцох чуулгын уран бүтээлчдийг ноён Элчин сайдаас бүхий л талаар дэмжин ажиллахыг хүслээ.

Мөн ХБНГУ-ын Дюселдорф хотод жил бүр уламжлал болон зохион байгуулдаг НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийн салбарын төлөөллийг үргэлжлүүлэн оролцуулах талууд хамтран ажиллахаар тохиролцсон төдийгүй 2023 онд Монгол, Германы дүрслэх урлагийн симпозиум байгуулах асуудлаар санал солилцов.

Уулзалтаар ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн явдалд талархал илэрхийлэн, цаашид уг төслийг өргөжүүлэх талаар санал солилцож, Соёлын яамны зүгээс бүрэн дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version