ЭМЯОнцлох

Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд тулгарч буй асуудлуудаар санал солилцов

Эрүүл мэндийн сайдын санаачлагаар зохион байгуулж буй “Эмчээ сонсъё” аяны хүрээнд эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй санал солилцож, нийгэмд болон салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх гарцыг мэргэжилтнүүдтэйгээ хамтран тодорхойлох зорилготой цуврал уулзалтуудыг хийж байгаа юм. Энэ удаагийн уулзалтад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл оролцов.  

Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийг үр дүнтэй бүрдүүлэх нь салбарын чухал асуудал гэдгийг онцлоод эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар товч мэдээлэл өглөө.

Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 30.8 хувь нь хөдөө орон нутагт, 69.2 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаагийн 6.3 хувь нь ортой, 38.9 хувь оргүй клиник эмнэлэг бөгөөд эдгээрт 19.5 мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд тулгарч буй асуудлуудын талаар уулзалтад оролцогчид олон санал хэлж, салбарын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэлийг ч өрнүүлсэн нь голдуу ЭМД-ын гүйцэтгэлийн санхүүжилт, даатгалын сонгон шалгаруулалттай холбоотой байлаа.

-ЭМД-тай гэрээ хийх боломжтой эмнэлгүүд сонгон шалгаруулалтад орж чадаагүй нь бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй байж эхлүүлснээс үүдэлтэй бөгөөд программын алдаанаас болсныг засч залруулахгүй байна.

-Клиникийн ортой эмнэлгийн стандарт байхгүйгээс нэгдсэн эмнэлгийн стандартыг баримталсан шалгуур хийсэн нь клиникийн ортой эмнэлгүүдийн хувьд ахадсан шалгуур болсон.

-Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна.
-ЭМДҮЗ-ийн 01 тоот тогтоолын өртгийн жинг бодитоор тогтоох,  суурь тарифыг өсгөх, 12 тоот тогтоолд зааснаар их олонлогийн зарчмаар хасалт хийж байгааг зогсоох.

-Сонгон шалгаруулалтын шалгуур нь насанд хүрэгч, хүүхдийн эмнэл зүйн онцлогийг ялгаж гаргаагүйгээс болоод тусламж үйлчилгээг бүрэн үзүүлж чадахгүй болсон. Шалгуур үзүүлэлт нь стандарт, удирдамжтайгаа зохицохгүй, хувь, хувьсгалаар нь ялгавартай байгааг өөрчлөх.

-ЭМД-тай холбоотой асуудлаар хүссэн цагтаа мэдээлэл авч чадахгүй байна.

-Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт өмчийн хэлбэрээр ялгаварлахгүй ижил болсон сайн талтай ч нэг гараанаас ижил түвшинд гараагүй нь хүндрэл үүсгэж байна.

-Эрүүл мэндийн тухай хууль, ЭМД-ын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа эрүүл мэндийн салбарын ачаанаас үүрэлцэж, шинэ технологи, инновацийг соргогоор мэдэрч хэрэгжүүлж байгаа  төрөлжсөн мэргэжлийн, нэгдсэн, клиникийн гэсэн статус бүхий хувийн хэвшлийн эмнэдгүүдийг ч орхигдуулахгүй байхад анхаараарай.

Уулзалтад оролцогчдоос гарсан санал нэг бүрт хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдгээ Эрүүл мэндийн сайд илэрхийлсэн бөгөөд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхныг салбарын шинэчлэл, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход санаачлагатай оролцохыг уриалсан.

Уулзалтын дараа С.Чинзориг сайдаас “Эмчээ сонсъё” аяны хүрээнд хийсэн өнөөдрийн уулзалтын талаар сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр “Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд Дэлхийн эмч нарын өдөр тохиодог. Энэ өдрөөр эмч нартайгаа хамтран өөрсдийнхөө ажилд үнэлгээ дүгнэлт өгдөг, болж байгаагаа ярьж, болохгүйгээ засч сайжруулах талаар санаа оноогоо хэлдэг байх зорилгоор “Эмчээ сонсъё” цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа юм.

Сайдын алба авснаас хойш лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүдэд ажиллаж Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны гишүүд идэвхтэн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзсан. Өчигдөр эмийн салбарынхантай, өнөөдөр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад томоохон байр суурь эзэлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ковидын цар тахлын хүнд үед гүйцэтгэсэн үүргийг Засгийн газар өндрөөр үнэлж, талархаж байдаг.

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын өмнө тулгамдсан олон асуудал байна. Тухайлбал, гүйцэтгэлийн санхүүжилтийн арга зөв ч зайлшгүй  засч сайжруулах зүйлс байгааг хэлж байна. Ялангуяа эмчилгээ үйлчилгээний өртөг, тариф бага учраас зарим томоохон эмнэлгүүд Даатгалын сангаас санхүүжилт авахын оронд иргэдээс үйлчилгээний төлбөрөө аваад явахыг илүүд үзэж байна.

Даатгалын санхүүжилтийн аргад өөрчлөлт оруулах бас нэг шалтгаан нь өндөр үнэтэй оношлогоо, эмчилгээтэй холбоотой. Хувийн эмнэлгүүд анхан шатны тусламж үйлчилгээний ачааллаас маш бага хуваалцаж өндөр үнэтэй оношлогоо эмчилгээг илүүд үздэг байдал ажиглагдаж байгаа. Тухайлбал, хувийн эмнэлэгт үзүүлсэн хоёр хүн тутмын нэг нь MRI-д харуулсан судалгаа ч бий. Тиймээс өндөр өртөгтэй оношлогоо, шинжилгээнд тавих шаардлагыг эргэж харахаас аргагүй.
Хувийн эмнэлгийнхэн яамнаас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж болно гээд магадлан итгэмжлэл олгосон хэрнээ ЭМДС-гаас санхүүжилт авахын тулд сонгон шалгаруулалтад ордог нь давхардсан үйл ажиллагаа хэмээн шүүмжилж байгааг ч бас бодох л ёстой.

Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо, олгож буй аргад өөрчлөлт оруулж зарим нэг тохируулгыг хийх ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Энэ тухай их ч ярьсан. Сайдаар томилогдож ирээд ЭМДЕГ-ынханд хэд хэдэн үүргийг өгсөн.

Эхнээсээ хэрэгжээд явж байна. Эхнийх нь алслагдсан багт амьдардаг 60-аас дээш насны ахмадууд сар бүр сумын төвд ирж хурууны хээгээ уншуулахгүйгээр багийн эмчийнхээ бичсэн жороор хөнгөлөлттэй эмээ авдаг болсон.

ЭМД-аас санхүүжилт авдаг байгууллагууд үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ шивэлтийг хийхэд гарсан алдааг залруулах боломжгүй, санхүүжилт хагаддаг байсныг 48 цагийн дотор засах боломжтой болгосон.  

Мөн санхүүжилтийн гэрээг гурван жилээр хийсэн байгууллагууд тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудлаа шийдээд шинэ тусламж үйлчилгээ нэвтрүүлсэн тохиолдолд санхүүжилт авч чаддаггүй байсан журмыг өөрчлөхөөр ажиллаж байна” хэмээсэн юм.

“Эмчээ сонсъё” аяны цуврал уулзалтууд цаашид ч үргэлжлэх бөгөөд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагууд, сумын ЭМТ-ийнхөн гэхчилэн салбарт тулгамдсан асуудлаа хуваалцах боломжийг олгох юм.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version