Наурызын баярт зориулсан барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ
Казах түмний “Наурызын баяр”-т зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Энэхүү барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпорац, “Гацуурт” ХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлжээ.
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” Спорт хороо, “Шижир гоулд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харьяат, Хилчин спорт хороо, “Хово центр” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин О.Түмэн нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын гарди Ө.Бат-Орших, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Сангисүрэн, Д.Хүдэрбулга нар үлдээд байсан юм.